Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд Монголын жимс, жимсгэнэ судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг болно. Манайд жимс, жимсгэний талаар судалгаа хийдэг байгууллагууд байдаг ч хоорондоо уялдаа холбоо муутай, давхцал ихтэй байдаг нь судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд саад болдог зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх юм.
 
11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд урилгаар УИХ, Засгийн газрын зарим гишүүн, яам, агентлагийн удирдлагууд оролцоно. Энэ хичээлийн жилд тус их сургуулийг бакалаврын шатлалаар 401, Удирдлагын сургуулийг 24 сонсогч төгсөж байна. 
 
11.00 цагт Хэвлэлийн  Хүрээлэнд: Хүүхдийн хөдөлмөрийн дэлхийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан, Хөдөлмөрийн сүлжээ ТББ-аас мэдээлэл хийнэ.
 
11.40 цагт Интерном их дэлгүүрийн хоёр давхарт сэтгүүлч, орчуулагч Х. Эрдэнэцэцэгийн "Анхилуун ургамлын увидас" номын нээлт болно. 
 
12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн дагуул хот болох Налайх дүүргийн захирагчийн сонгууль ирэх ням гаригт буюу энэ сарын 14-нд болох гэж буй. Тус сонгуульд нэр дэвшиж буй Дашзэвэгийн Цогоо сонгуультай холбоотой ноцтой баримтыг хэвлэлийнхэнд дэлгэнэ.
 
14.00 цагт Батлан хамгаалахын яамны байранд Төрийн орон сууцны корпораци Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
 
14.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хурлын зааланд “Д аминдэмийн хүний биемахбодид гүйцэтгэх үүрэг, түүний дутал” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор лекц уншина.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.