
Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулахаар боллоо. Үүнийг баталгаажуулж “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын дарга Гө Ган нар хамтын
ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган болон бусад арга хэмжээг тогтмол явуулах бизнес худалдааны төв байгуулах юм.
Мөн үеэр “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч “Урсгал зам” ХХК-ийн захирал Н.Зандан нар Алтанбулаг чөлөөт бүсэд байрлах 2.5 га газарт БНХАУ-ын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны төв барьж байгуулахаар тохиролцлоо.
Төслийн төсөв ойролцоогоор 8.33 сая ам.доллар бөгөөд гурван үе шаттай хэрэгжих аж. Дээрх төслийн хүрээнд томоохон хэмжээний нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, гадна талбай, өргөгч кран, пүү, автомашины зогсоол, оффис зэргийг барьж, байгуулах бөгөөд байгууламжийн нийт талбай 14 мянган метр квадрат юм байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах бөгөөд Алтанбулаг чөлөөт бүсийн цаашдын хөгжилд онцгой хувь нэмэр оруулна хэмээн талууд үзэж байна.