
Эрүүл мэнд, спортын яам /ЭМСЯ/ болон элэгний С вирусыг устгах үйлчилгээтэй "Харвони" эмийг үйлдвэрлэгч АНУ-ын “Гилеад Сайенсес” компани харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллараар худалддаг “Харвони” эмийг манай улсад онцгой хөнгөлөлттэй үнээр буюу буюу нэг сарын хэрэгцээг 400 ам.доллар /3 сарын хэрэгцээ нь 1200 ам.доллар/ -оор нийлүүлэхээр болсон юм. Өнгөрсөн сарын 21-ний өдөр уг эмийг Монгол Улс эмийн бүртгэлд албан ёсоор оруулсан бөгөөд ийнхүү талууд албан ёсоор хамтран ажиллах харилцаагаа баталгаажуулжээ.
Тус компани манай улсын захиалгаар удахгүй тус эмийг үйлдвэрлэж ирэх 8 дугаар сараас элэгний С вирусыг устгах "Харвони" эмийн эхний хэсгийг нийлүүлэх аж. Харин 11 дүгээр сараас элэгний С вирусын эсрэг эм хангалттай хэмжээгээр худалдаанд гарна гэдгийг “Гилеад Сайенсес” компанийн Өмнөд, Зүүн Өмнөд Ази ба Номхон далайн бүсийн орнуудын хариуцлагатай ахлах захирал Аоран Бринкворф мэдэгдлээ.
“Харвони” эмийг элэгний С вирусээр өвчилсөн нь нарийн оношлогоогоор тогтоогдсон иргэд эмчийн зааврын дагуу эмийн сангуудаас худалдан авч, хэрэглэх боломжтой. Уг эмийг Монголд зөвхөн албан ёсны дистрибьютор “Омбол” компанийн эмийн сангуудад нийлүүлэх юм.
Монгол Улсад элэгний С вирустай 400 мянга орчим иргэн байдгаас яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний салбарынхан онцлов. Иймд “Харвони” эмийг эхний ээлжинд тэдэнд өгөх ёстой гэсэн саналыг эрүүл мэндийн салбарынхан гаргажээ. Уг эмийг хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг олон улсын судлаачид баталжээ.