

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд үргэлжилж байна. Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын баг тамирчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагааны газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллаж байгаа юм. Бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онд марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг тус тус зохион байгуулан явуулжээ.
Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог уламжлалтай. Энэ удаа Зэвсэгт хүчнээс хоёр, бусад байгууллагаас тус бүр нэг салаа тасаг оролцож байна. Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагч оролцож байгаа юм.
Эмэгтэй алба хаагчид 6 км-ийн зайд марш үйлдэж байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлахаас бусад дасгалуудыг гүйцэтгэж байна. Марш, тактикийн тэмцээний дүн өнөөдөр гарна.