Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн баярын хуралд Ерөнхий сайд оролцож үг хэллээ

Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын хуралд оролцож, хүүхдийн байгууллагын үе үеийн багш, зүтгэлтнүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ.

Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулсан зэрэг хүүхэд насны минь олон сайхан дурсамж энэ байгууллагатай холбоотой гэж Ерөнхий сайд хэллээ.

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн нь тухайн цаг үеийнхээ тусгал байдаг. Хүүхдийн байгууллага бол амьдралын асар том их сургууль, том тогтолцоо болж хөгжиж ирсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд шинэ үеийн хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийхэн дараах зүйлүүдийг эрхэмлэн ажиллахыг зөвлөлөө.

Зохион байгуулалтын хэлбэрээр дамжуулан амьдрах ухаан зааж, монгол ахуй, монгол зан заншил, монгол соёлыг хүүхдүүдэд түгээх учиртай гээд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас “Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд болгоны авьяас, онцлогийг нээхийн төлөө ажиллаж байна.

Хүүхэд болгон бахархан дууриах хүнтэй, ийм итгэл үнэмшлийг бий болгох, зөв, сайн хүн төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллах ёстой гээд профессор Марк Льюсийн “Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг өөрөө өөртэйгөө өнгөрүүлнэ. Өөртөө таалагдахгүй бол амьдралынхаа дийлэнх хугацааг өөртөө таалагддаггүй хүнтэй өнгөрүүлэх болно” гэсэн ишлэлийг татлаа.

“Бид шинэ үнэт зүйлтэй болох ёстой. Хуучин нийгэмд байсан үнэт зүйлүүдийг ардчиллын үнэт зүйлүүдтэй холбох, хүүхэд өөрөө өөртөө эзэн нь болж төлөвшихийн утга учир юу байх юм гэдгийг бид энэ үнэт зүйлээр илэрхийлэх учиртай. Энэ бүхэн нь дан ганц хүүхдийнх биш багийн тоглолт, хамт олон бүрдүүлэх тухай асуудал юм. Хамт олон, зөв бүтэц, зохион байгуулалтаар дамжсан хүүхэд ирээдүйн нийгмийн зөв зүтгэгч, зөв гишүүн болж төлөвшинө” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүүхдийн байгууллагын үе үеийн зүтгэлтнүүдэд хандаж хэлсэн үгэндээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.21.1)
    Би хүүхдийн байгууллагын ахмад ажилтан.Уг арга хэмжээнд оролцлоо.Үнэндээ юу болоод байгааг ойлгосонгүй.Монголын хүүхдийн хөдөлгөөний ой юм уу,эсвэл Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын ойг тэмдэглээд байгаа юм уу,уучилаарай ойлгосонгүй.Ерөнхийдөө хүүхдийн,эсвэл хүүхдийн төлөөх байгууллагуудын хөгжил ямархуу түвшинд уруудсныг л энэ хэлбэрдсэн арга хэмжээнээс харж сэтгэлдээ уйлж суулаа.Ч.Цэрэндулам даргынхаа хүүхдийн хоолой дуулдаагүйсэн бол би хаана байгаагаа мэдэхгүй өнгөрөх байлаа. Хаана байна тэр хүүхдийн томнайзууд,хаана байна тэр улаан бүчтэний коммисарууд,би олж харсангүй.Нэг л бүүдгэр байна даа,ядахнаа,өөрсдийнхөө юм-ийг өөрсдөө ярьж,өөрсдийнхөөрөө сэтгэж,өөрсдөө хийл дээ.Бусдын юмыг ярьж,бичиж,дуурайна гэвэл хошин шог болно шүү дээ. Баярын өдөр нэг зөвлөгөө өгөхөдхүүхдийн хөдөлгөөний энэ цаг үеийн онолыг боловсруулах,онолыг хэрэгжүүлэх арга зүй эзэмшсэн хүүхэд, томчуулынхаа кадрууд- ыг бэлтгэх,тэдгээрүүдийнхээ ажиллах материаллаг баазыг бий болгох буцааж авах хэрэгтэй.Амжилт.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах