

"Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр болох шоунд оролцуулахаар дуучин Жениффер Лопесыг нэг сая ам.доллар /хоёр тэрбум төгрөг/-аар урих болжээ" гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь твиттер, фэйсбүүк хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болоод байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Энэ зун дэлхийн том одын тоглолтыг Монголд зохион байгуулахыг амлаж байна. Дэлхийн одын тоглолтыг эх орондоо үзэх нь ээ залуучуудаа" хэмээн дурдсан.
Харин Жей Лог Монголд авчрах хэрэгтэй юу гэдэг асуултанд олон нийт өөр, өөрийн байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ ихэнх нь дургүйцэж байгаа аж. Учир нь эдийн засаг хямарсан энэ хүнд хэцүү үед дэлхийн хэмжээний одыг их мөнгө зарлагадаж авчрах нь тохиромжгүй. Ядаж л тэр Төв цэвэрлэх байгууламжаа энэ мөнгөөр засах хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг, соёлын салбар хорооны даргаар ажиллаж буй Ч.Төмөрбаатар уг асуудлаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Jenniffer Lopez-ийг урьсан нь үнэн. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Гэрээ, хэлэлцээрийн түвшинд явж байгаа учраас мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэжээ.
Сэтгэгдэл (9)