
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов нар өнөөдөр Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын дипломат болон албан паспортой иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэж буй юм. Мөн үеэр Гадаад хэргийн сайд нар “Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших анхны дээд хэмжээний айлчлал өнөөдөр болж байна. Туркменистан улс бол эртний Түрэгийн үед өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт аж төрж байсан улс юм. Мөн ЗХУ-ын үед Монгол, Туркменистан улсын харилцаа тууштай хөгжиж байсан хэмээн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Туркменистан улсын эдийн засгийн өсөлт маш эрчимтэй хөгжиж байгаа. Ялангуяа байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 4 дүгээрт ордог. Туркменистан бол НҮБ-ын тогтоолоор Төвийг сахисан статустай орон болсон. Р.О.Мередов сайдын айлчлалын үеэр хоёр улсын харилцааг эрчимжүүлэх, хөгжүүлэх талаар ярилцсан. Өнгөрсөн оны есдүгээр сард Душанбед болсон уулзалтын үеэр Монгол болон Туркменистаны Ерөнхийлөгч нар уулзаж хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар ярилцсан. Өнөөдрийн айлчлалын хүрээнд эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллахаар санал солилцож, ойрын хугацаанд холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар тохирлоо. Туркменистан улсаас Монгол Улсад байгалийн хий нийлүүлэх санал тавьсан. Монголын тал энэ саналыг ойрын хугацаанд хэлэлцэж хариу өгөх болно” гэлээ.
Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов, “Өнөөдрийн албан ёсны хэлэлцээгээр хоёр улсын өнөөгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан улсад хийх айлчлалын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол Улс НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын гишүүн орны хувьд энх тайвныг эрхэмлэж, хөгжлийг дэмждэг улс юм. 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай улс Монгол Улсын гадаад бодлогыг тууштай дэмжиж ирсэн. Манай улс Монгол улстай улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа” гэлээ.