УЛААНБААТАРЫГ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НҮБ – ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг хэрэгжүүлж  дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
Улаанбаатар хотын захын дүүргийн хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, ус ариун цэврийн байгууламж зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах хүртээмжийг сайжруулах
Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг, хүүхэд ба эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөр, бэлгийн дарамт, хүүхэд худалдаалах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхэд хамгаалах үйл ажиллагааг сайжруулах

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, хүүхдэд үзүүлж байгаа агаарын бохирдлын үр нөлөөг багасгах стратеги төлөвлөгөө боловсруулах
Хүүхдийн эрхийн асуудлаар Улаанбаатар хотын иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэх юм.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө зүтгэн ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд нийслэлд хүүхдийн эрхийн асуудал ихээр зөрчигдөж байна. Тэр тусмаа алслагдсан дүүргүүдийн хүүхдүүдэд нийгмийн хамгаалал дутагдалтай байгаа учир энэ жил хүүхдийн хөгжил, нийгмийн оролцоог идэвхижүүлэхэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байна” гэв.

Харин НҮБ – ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес “Манай байгууллагын гол зорилго бол бүх хүүхдийг нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамруулах нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газрыг дэмжих явдал юм. Өнөөдөр энэ үйлчилгээнээс гадуур үлдэж байгаа хотын захын дүүргүүдийн хүүхдүүдэд хүрч ажиллахын төлөө бид нийслэлтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ц.Мягмар (202.5.205.16)
    Хүүхдэд ээлтэй орон нутаг төслийг эхлүүлж бйасан Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн энэхүү санаачилга нь өдгөө Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө харилцан ойлгоцлын санамж бичиг зурах хүртлээ өргөжсөнд үнэхээр баяртай байна. Монгол Улсын баатар, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл Танд маш их баярлалаа. Хүүхдийн төлөө хийж, хэрэгжүүлэх Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсч хамтран ажиллана.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах