
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, цалингийн хэмжээ, хувь хүний орлогын албан татвар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 14-нд баталсан. Эл хууль баталснаар онцлох дөрвөн өөрчлөлт гарсныг Хөдөлмөрийн сайд онцоллоо. Тодруулбал үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг нэлээн чангатгажээ. Түүнчлэн эрсдэлтэй ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтны амь нас, эрүүл мэндийг ажил олгогч заавал даатгуулдаг байхаар хуульчилсан байна. Ийм ажлын байран дээр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд 36 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг арилжааны даатгалаас авдаг байхаар зохицуулжээ. Харин хуулинд тусгаснаар үйлдвэрлэлийн гаднах талбайд осол гарвал ажил олгогч хариуцлага хүлээх юм байна. Ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хэн нь ямар шатандаа хариуцлага хүлээх вэ гэдгийг өмнөх хуулиас илүү тодорхой болгож өгснөөрөө давуу талтай гэдгийг салбарын сайд онцлов.
Түүнчлэн цалинг зөвхөн үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх биш бүтээмж, инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа. 2013 оны есдүгээр сард нэмэгдүүлсэн байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар хоёр жил тутам ХХДХ-г нэмэгдүүлдэг. Тэгвэл гурван тал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй аж. Харин хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулжээ.
Хөдөлмөрийн сайд ярихдаа, “ХОАТ-ын тухай хуулиар 7-84 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг.Энэ хөнгөлөлтийг бидний өргөн барьсан хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан. Уг асуудлыг Засгийн газар дэмжиж, УИХ батлавал хүмүүсийн орлого сард 12 мянган төгрөгөөр нэмэгдэнэ” гэлээ.