

Эрчүүд одоо цагт
Эцэг шиг минь эр ховордож дээ
Эм шинж нь илтэд давамгайлсан
Эрээн мяраан өнгөнд хууртаж
Эхнэр хүүхдийн ховонд хутгалдаж
Эдийн шуналтай элдвийн ааштай
Эмзэг сэтгэлтэй энхрийхэн төрхтэй
Эр гэхэд хэцүүхэн ,эм гэхэд тун дөхмөөр
Иймэрхүү нөхдүүд энэ нийгэмд маань ихсээ юу даа
Ар хударгаараа авааль гэргийгээ чадмаг хуурч
Ажил албаа авгай нарын ховоор ядмаг удирдаж
Гар утсаараа хүүхнүүдтэй чаатлан өдөрт нь болзож
Гадуур жаргачихаад гэртээ шөнөдөө үнэнч царайлах
Өөрийн толгойгоор шийдвэр гаргах чадалгүй донгио
Өрөөлийн үгээр хийсвэр дүгнэх нь чавганц мэт дорой
Үерхэж нөхөрлөх нь түр зуурын үүлэн чөлөөний наран лугаа
Үзэл бодол нь бүр зусрын , үлийн оготны нүх мэт давчуу
Зайлуул даа ийм л эрчүүд олшроод байхаар
Замбраагүй хүүхнүүд завсрын зугаагаа гаргахаас ч яахав
Өнгөөрөө хуурч мөнгөөр нь жаргачихаад өврөөс нь босоход
Үнэнч гэргий, үрсийнх нь өмнөөс бурхан тэднийг гэсгээх өдөр бий байлгүй
Хаанаас нь ч харсан Хан Хэнтий уул шиг налайх
Хавь орчиндоо ханан хэрэм шиг түшигтэй
Аль ч засгийн үед шударга үгийг шулуухан хэлчихдэг
Араар нь доромжилж өврөөр нь долигонож яваагүй
Үрсдээ хайртай гэргийдээ халамжтай аав минь
Үнэн амьдралын мөн чанар нь хүн чанар л гэдгийг
Үглэж биш үлгэрлэж бидэндээ сургадаг
Өрөөлд өгөөмөр нинжин, өвлүүлэх ухаан арвин
Өвгөн буурал аавын минь үе өнгөрч байна уу даа ер нь
Цахиурт Овогт Даваасүрэнгийн Наранчимэг
