ЧЕХЭД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ИРГЭДЭЭ ЭРГЭЖЭЭ

БНЧУ-ын Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Чех улсын хорих ангиудад ял эдэлж буй иргэдээ эргэж уулзалт хийсэн байна. 
Чехэд манай улсын гурван иргэн ял эдэлж, нэг иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр нэг, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хоёр хүн хоригдож, хар тамхи зөөвөрлөсөн хэргээр нэг хүн мөрдөн шалгагдаж байгааг консулын газраас мэдээлэв.

Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд байгаа гэж хоригдогчид ярьжээ. Ял эдэлж байгаа гурван иргэн нэгдүгээр зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна. Ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлдэг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.