
Хубилай хааны байгуулсан Юань улсыг мөхөх тийшээ хандаж байх үед Хөхтөмөр, Цагаантөмөр, Бортөмөр хэмээх гурван жанжин тодорсон байдаг. Тэгэхдээ эд нар төрсөн ах дүү нар биш. Хөхтөмөр жанжиныг хятадаар Ван Бао Бао гэж дууддаг байсан бөгөөд тэрбээр Хятадын Хэнань мужид төржээ.
Эх нь монгол вангийн охин, харин эцгийг нь Сайнчи хутаг ноён гэдэг байсан бөгөөд хятадууд түүнийг Ван овогтой байсан гэж үздэг юм байна. Хөхтөмөрийн нагац ах Цагаантөмөр жанжин 1350-иад оны сүүл, 1360-аад оны эхэн үед “Улаан алчууртны бослого” гээчийг дарах цэргийг удирдаж байжээ. Тиймээс Хөхмөтөр жанжин нагац ахынхаа удирдлаган дор “Улаан алчууртны бослого”-ыг даралцаж явсан байна.
Хятадын умард хэсэг буюу Шар мөрний сав газарт Юань улсын захиргааг эсэргүүцсэн Хятадын тариачдын бослогыг түүхэнд “Улаан алчууртны бослого” гэж тэмдэглэжээ. Шар мөрний хөндийгээс 3000 шахам хүнтэй эхэлсэн энэхүү бослогын цэрэг хоромхон зуур жаран мянга гаруй хүнтэй болтолоо өргөжсөн байдаг.
Юан гүрний төр мөхөх аюулд хүрсэн тэр мөчид Тогоонтөмөр хаан зарлиг гарган, монгол цэргийн нэрт жанжин Цагаантөмөр, Дашбаатар нарыг Улаан алчууртны бослогыг дарах ажлыг удирдуулахаар томилжээ. Тогоонтөмөр хааны зарлиг ёсоор буцаан татагдах ёстой тэр олон монголчууд нэгэнт умардад явж чадахгүй болсноос өөрсдийн бүх хүчийг Хятадын Юньнань мужид төвлөрүүлсэн байна. Энэ 2000 гаруй монгол цэрэг цугларан хятад цэргийн довтолгооныг 1381 он хүртэл няцааж байжээ.
Гэвч тэд 1381 онд аргаүйн эрхэнд ялагдан ихэнх нь хядагдаж хагас зарим нь тарж бутарсанаар Хубилай хааны байгуулсан Их Юань улс үндсэндээ мөхөж, Монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон түүхтэй. 1362 онд Цагаантөмөр жанжин Ганьдун мужид байхдаа өөрийн туслах Тянь Фэнь гэгчид хорлогдож үхсэний дараа Хөхтөмөр жанжин дараачийн удирдагчаар томилогджээ.
Гэвч энэ үед Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямар ч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт Хятадын өмнөд нутагт илгээж, Жу Юань Жан гэгчээр толгойлуулсан босогчдын хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна.
Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон хэмээх түшмэл өөрийн хөвүүн Бортөмөр жанжинтай хуйвалдаж Тогоонтөмөр хааны амийг хөнөөхөөр завджээ. Тиймээс Тогоонтөмөр хаан Хөхтөмөрийг Хятадын өмнөд нутаг руу явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна. Төдөлгүй Хөхтөмөр жанжин Сослон түшмэлийг баривчилж, Багатөмөр жанжины цэргийг бутцохив.
Тэр цагаас эхлээд Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачин цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд Багатөмөр жанжин хоёр дахь удаагаа Хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэж байтал мөн л нөхцөл байдал буруугаар эргэх нь тэр. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи гэгч урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Жу Юань Жан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөсөн байв.
Ингээд Хөхтөмөр жанжин Хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж байлдах ямар ч нөхлцөлгүй болсон бөгөөд уг хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ. Хөхтөмөр жанжин умарт Хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ.
Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Да гэгчтэй хэзээ нэгэн цагт эр эмээ үзэлцсэн тулалдаан хийнэ хэмээн тангараглалцсан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэн, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн, тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга хавьцаа байсан монгол цэргийн гол хүчийг Тогоонтөмөр хаан захирч байв.
Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт, байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол, зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрхи Зиньшан ууланд байрлаж байжээ. Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ.
Харамсалтай нь, нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлж чадсангүй. Тиймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад, Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч ганцаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж Монголын хаад, жанжид эргээд хуучин уугуул Монгол нутагтаа ирж Хархорумд сууж эхэлсэн түүхтэй. Хүн ядрахаараа нутгаа, тураг ядрахаараа уулаа гэдэг л энэ дээ.
Тухайн үед Монголын Аюушридар хаан Монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжинг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилсон байдаг. Хэрвээ Аюушридар хаанаас өөр атгаг санаатай, алсын бодолгүй хэн нэг нь Монголыг хаанчилж байсан бол Хөхтөмөр жанжиныг хазайсан дээр нь түлхэж хятадуудад том буян үйлдэх байсан биз.
Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлаган доор байсан цэргийн эрхтнүүд Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв. 1368 онд Юань улс мөхөж Мин улсын их цэрэг Хятадыг эзлэхэд монголчууд говийн умардад зугтан очжээ. 1372 онд Мин улсын 150 мянган их цэрэг Монголд гурван замаар нэвтрэн орж ирэхэд Аюушридар хаан болон түүний удирдсан цэргүүд Сюй Да жанжинаар захируулсан Мин улсын цэргүүдийг Орхон голын орчимд бут ниргэснээр Хятадын цэргүүд урагшаа зугтан одсон гэдэг.
Мин улсын хоёр жанжинаар удирдуулсан Хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдлэн сүйтгэх зорилготой байж. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да гэгчийн удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна.
Тэрбээр Хятадын цэргийн хүчийг өдөөн нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэснээр Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед Хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон ухарч гарахаас өөр аргагүй болжээ.
Гэвч тэдний зарим хэсэг нь Монголын их говийн элсэн цөл дунд харангадаж үхсэн түүхтэй аж. Энэ тухай Ойдов би бээр “Түүхэн говь нутаг” хэмээх шүлэгтээ цухас хөндөж байлаа.
Жишээ нь,
“Араатан үл зүглэж, жигүүртэн холуур тойрох
Ангамал говийн бүгчим халуун агаар
Нүсэр их хүнтэй Цин гүрний халдлагаас
Нүүдэлчин омгуудыг хамгаалж ирсэн түүхтэй
Хүннүгийн догшин цэргийг тогтоож чадахаа болиод
Хүчирхэг Цин гүрэн хөх туйпуун хэрэм босгосон бол
Бардам омголон нүүдэлчдийн гал голомтыг
Байгаль эх харин өөрийнхөө бүтээлээр урлаж
Бат бөх цайзаас ч илүү галбын говийг цогцлоосон юм
Хэрлэн, Туул, Ар, Өвөр алтай хангайн өмнүүр
Хэрж туулахын аргагүй их говь цэлийгээгүй бол
Хэдийнээ Нанхиадын үрс эх нутагт маань ирчихээд
Язганатал өсч үрждэг голио царцаа шиг тариачид нь
Яншуй будаагаа тариад, мантуугаа жигнэж суух байлаа
Хэрвээ их говийн элсэн манханууд
Хэрэм цайз шиг Монголын өмнүүр ороож
Хэдэн зуунаар биднийгээ халхлаагүй бол
Хэрзийсэн шавар тагзнууд тал нутгаар минь нэг хөглөрч
Хэвтээ дөрвөлжин ханзаар л энэ шүлгийг бичих байлаа
Орхоны хөвөөнд халхын дайчдад бут цохиулаад
Олон мянган хятад гэдрэг тархан зугтсан ч
Мэснээс илүү үхлийн аюулт цөл рүү давхиж ороод
Мин гүрний цэргүүд нутагтаа очиж чадалгүй
Өлсөж цангасандаа зуурдын чөтгөр болцгоож
Өнөө хүртэл тэндээ сүүтэгнэж байдаг гэлцнэм
Буман шушмааны толгой залгисан Монголын говь
Бурханы ерөөл, тэнгэрийн зарлигтай хэрэм байжээ
Түмэн цагаачийн ясыг өлгийдсөн Төв Азийн цөл
Түүхэнд мөнхөрсөн нүүдэлчин гүрний дархлаа байжээ...”
Нээрээ ч Төв Азийн цөл, Монголын их говь нь нүүдэлчин монголчуудад дархлаа болж байсан гэлтэй. Хэрвээ энэ их говь цөлийн оронд урт модод сагсайсан, ургамал цэцэг жигдэрсэн баян тансаг хангай нутаг байсан бол хятадууд аль хэдийнэ эзэн суучихсан байх байлаа. Ёстой л хэрзийсэн шавар тагзнууд тал нутгаар минь хөглөрч, шороон түмэн хятадууд яншуй будаагаа тариалаад мантуугаа жигнээд суух байсан биз.
Ер нь Мин улс байгуулагдсанаас хойш Хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээсэн нь Хөхтөмөр жанжин тэднийг Орхон голын хөндийд хиар цохьсон сүрт ялалт юмсанж. Тиймээс Мин улсын хаан Монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрчээ. Тэгээд нэг хэсэгтээ л Мин улсын цэрэг Монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй.
Энэ үед Монголын хаад, жанжид Хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд төдөлгүй монголчууд Хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ.
Тэдгээр нь Синхэ, Хэбэй муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Сүйжин газар байв. Дээрхи нутгийг алдсанаар Хятадын нийслэлд баруун хойд, зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушридар хаан Солонгосын ванд хандаж “Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна.
Ван та бидний нэгэн адил Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шударга журам тогтооход хүчин зүтгэж, хүч хавсарсугай” гэх түүхэн захидлаа бичсэн байх жишээтэй. Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор 1375 онд “Хар нохойн зоо” гэдэг газар нас баржээ. Хэдийгээр Хятадад тогтсон Монголын Юань гүрэн мөхөж, монголчууд агуу их эзэнт гүрний эзэд байхаа больсон ч тэрхүү хүнд хэцүү үед Монголын их хаандаа үнэнчээр зүтгэж, Монгол эх орноо Хятадын хар цэргээс сэргийлэн хамгаалж, их төрөө сэргээхэд жанжны бүх авъяас билгээ зориулсан сод жанжин бол Хөхтөмөр бөлгөө.
Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов
Сэтгэгдэл (1)