
Ази Европийг холбосон хурдны авто зам барих талаар өнгөрсөн жилээс хойш яригдаж, уг замыг концессийн гэрээгээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр барих үндэсний компани шалгаран ажиллаж байгаа. Хурдны авто зам нь БНХАУ-ын Тяньжин боомтоос манай нутгаар дайрч ОХУ-ын Транс-сибирийн зам, Улаан-Үүд хоттой холбогдох юм. Уг замын дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 1000 орчим км юм байна. Өнөөдрийн байдлаар хурдны замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд замын трассыг эцэслэн тогтоон, геологи, геодези, хөрсний судалгааг гаргаж, замын зургийн ажлыг гүйцэтгэж буйг Чингис Лэнд Девелопмент группээс мэдээллээ. Энэхүү хурдны замын хажууд Туул гол дээгүүр 2 км урттай орчин үеийн татлагат гүүр барихаар болжээ. Энэхүү гүүр нь Шувуун фабрик, био комбинатын дундуур урсах Туул гол болон төмөр замын дээгүүр баригдах аж.Монголын зам гүүрний инженерүүд болон гадаадын архитекторуудын хамтарсан баг гүүрний хийц, дизайн дээр ажиллаж байна.