
Дөрвөн настай охиноо зодож амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ. Прокурорын газраас талийгаач охины эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл тав хүртэлх жилийн ялаар шийтгэх юм.
Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татагдсан. Прокурорын газраас Г.Маралмаад 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн хорих ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн байна.