Эзио Гамба: Н.Түвшинбаярын тархи, зүрх хэнд ч дийлдэхгүй агуу бөх

Москвагийн олимпод 21 настай түрүүлж Италийн жүдо бөхийн анхны олимпийн аварга болж, 25 насандаа мөнгөн медалиар ижилсүүлсэн домогт жүдоч.Монгол түмний бахархал Н.Түвшинбаяр өөрийнх нь энэ амжилтыг давтахад энэ эрхэм 2012 онд онцгой үүрэг гүйцэтгэснийг учгийг та бүхэн Эзио Гамбагийн ярилцлагаас сонирхон уншаарай. Бээжингийн олимпиос жүдогоор медальгүй хоцорсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг шигшээ багтаа дасгалжуулагчаар урьснаар 2012 оны олимпиос гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртэж, Оросын ард түмний хүндлэл хүлээгээд байгаа. Өнгөрсөн наймдугаар сард Челябинскийн дэлхийн аваргын үеэр домогт тамирчин, дасгалжуулагч Гамбаас ярилцлага авахыг хүссэн ч түүний зав болоогүй юм. Харин түүнтэй эх орондоо уулзах ховор завшаан тохиож, түүнтэй ярилцлаа. Италийн домогт жүдоч, дасгалжуулагч Эзио Гамба “Gogo cafe” булангийн хамгийн анхны гадаад зочин болж байгааг түүнд хэлэхэд ихэд баяртайгаар хүлээн авсан юм.

-Бээжингийн олимпиос хоосон хоцорсон ерөнхийлөгч Владимир Путин танд итгэж, шигшээ багтаа шууд урих шалтгаан нь юу байсан бол?

-ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрөө жүдо бөхөөр барилддаг байсан. Тийм болохоор 2008 оны олимпиос медаль хүртээгүй нь түүнд хүнд туссан байх. Олимпийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөс “Би хэнийг шигшээ багтаа урих вэ” гэхэд намайг зөвлөсөн юм билээ.

2007-2008 онд IJF-ийн ерөнхийлөгчийн урилгаар Африкийн олимпийн төв байгуулан ажилласан. Африк тивийн улсуудаас 30 орчим тамирчинг сонгож олимпод бэлдсэн.

Нэг жил бэлтгэл хийгээд Бээжингийн олимпиос нэг мөнгө, хоёр хүрэл медаль авахад Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч үнэхээр их баярласан.

-Ийм учраас л таны нэрийг IJF-ээс хүчирхэг гүрний ерөнхийлөгч болон шигшээ багт нь бардам хэлж дээ?

-Бээжингийн олимпийн дараа ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийн дэд ерөнхийлөгч Сергей Соловейчик надтай уулзсан. Манай улс нэг ч медаль аваагүй байхад Африк тив яаж гурван медаль авав гээд удаан ярилцсан даа. Төд удалгүй би ОХУ-ыг зорьсон.

-ОХУ-ын шигшээ баг таныг хэрхэн хүлээж авсан бэ. Ямар нөхцөл байдалтай угтсан бэ?

-Жүдо бөхийн шигшээ баг гэж байхгүй, клубын системээр үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг нэгтгэж, шигшээ багийн удирдлага зохион байгуулалтад оруулсан. Хамтран ажиллах дасгалжуулагч нараа тамирчдын дундаас Макаров, Таов нарыг сонгосон. Яагаад гэвэл тэд тамирчдын муу, сайн талыг хамгийн сайн мэдэх хүмүүс. Хамгийн том давуу тал тэдний өнгөрсөн үе, алдаа оноо нь тархинд нь програмчлагдчихсан байсан.

-ОХУ-д очиход ерөнхийлөгч В.Путин 2012 оны Лондонгийн олимпийн медалийн амлалт авсан уу?

-Хамгийн анхны уулзалтаар “Лондонгийн олимпод хэдэн медаль авах вэ” гэдэг асуулт тавьсан.

-Таны хариулт?

-Би ийм багтай ажиллахад дөрвөн медаль авна гэсэн. ОХУ-ын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч итгээгүй юм уу дундуур яриа таслаад гурвыг авахад болно гэсэн. Тэгэхээр нь би 4-5 медаль авна гээд нэгийг нэмж хэлсэн

-Та яагаад өөртөө ийм итгэлтэй байсан. Эсвэл медалийн өнгө хэлэхгүйгээр тоо хэлэх амархан байсан юм уу?

-Би чадна гэдэгтээ итгэлтэй байсан учраас. Хэдэн алт авах вэ гэхэд нь би хариулаагүй.

-Яагаад хариулаагүй гэж?

-Тухайн цаг үед тэгж л таарсан.

-Лондонгийн олимп дөхөж ирэх үед медалийн тоогоо дахиад лавласан уу?

-Тэгсэн. Лондонгийн олимпиос хоёр сарын өмнө Путины нарийн бичгийн дарга надад “Олимпийн хэд дэх өдөр бид жүдогоор алтан медаль авах вэ” гэж мессеж ирүүлсэн. Би “Олимпийн эхний өдөр, гурав дахь өдөр, зургаа дахь өдөр алтан медаль авна. Харин медалийн төлөө өдөр болгон барилдана” гэсэн хариу илгээсэн. Гэтэл надад нарийн бичгийн дарга нь “Битгий тоглоод бай” гэхэд “Тоглоом шиг харагдаж болохч энэ үнэн” гэж мессеж илгээсэн.

-Лондонгийн олимпийн алтан медалийн эзэд 60кг-д Арсен Галстян, Мансур Исаев, -100кг-д Хайбулаев Тагир нар. Таны тооцоолсон хүмүүс яг л тухайн өдөрт л алтан медаль авсан?

Лондонгийн олимпийн аваргууд                                                                                                     

-Тийм. Үүнд нэмээд Могушков болон өөр нэг хүнийг алтан медаль гэж тооцоолсон.

-Та бүр таван алтан медаль дотроо бодож амлалт өгсөн хэрэг үү?

-Тийм. Гэхдээ гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, нэг шагналт байр авсан. Гурван алт авахгүй таван хүрэл байсан ч гэсэн багаар гэдгээрээ том амжилт байх байсан. Жүдо бөхийн олимпийн түүхэнд эрэгтэй баг гурван алтан медаль нэг дор хүртсэн түүх байхгүй. Лондонгийн олимпиос хоёр сарын өмнө хоёрдугаар багаа Европын аваргад илгээхэд хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн. Европ тивийн түүхэнд нэг баг ийм амжилт үзүүлж байгаагүй.

-Лондонгийн олимпийн дараа В.Путин болон түүний нэгдүгээр нарийн бичгийн дарга тоглоом биш байжээ гэдгийг мэдэрсэн нь ойлгомжтой байх?

-Мэдээж. Амлалт ёсоор олимпийн эхний болон гурав дахь өдөр олимпийн аварга төрөхөд Путин ерөнхийлөгч байгаагүй. Харин зургаа дахь өдөр нь буюу -100кг-ын барилдаан Тагир Хайбулаев, Н.Түвшинбаяр нарыг барилдахад өөрийн биеэр ирсэн. Гурав дахь олимпийн аварга төрөх ховорхон агшинг үзсэндээ тэр дэндүү их баярласан. Бидэнд итгэж байсан учраас итгэлийнхээ төлөө Лондонд ирсэн.

Тагирын ялалт Путины баяр хөөр                                                                                                 

-Лондонгийн олимпийн -100кг-ын барилдаан Монголын ард түмний хувьд ч түүхэнд ховорхон тохиох агшин байсан?


-Бурхан минь гэж тэгэлгүй яах юм. Та бүхэнд Найдангийн Түвшинбаяр гэж бурхны илгээсэн гайхамшигт хүү байна шүү дээ.

Олимпод хоёр дахиа финалдаж буй агшин                                                                                  

-Н.Түвшинбаяр Монголын жүдо бөхийн төдийгүй олимпийн анхны аварга. Та Итали улсын анхны аварга төдийгүй хоёул дараагийн олимпод мөнгөн медаль хүртсэн. Магадгүй та ОХУ-д дасгалжуулагчаар ажиллаагүй бол тамирчдыг ингэж бардам бэлдээгүй бол Н.Түвшинбаяр хошой алтан медальтай байх байлаа?


-Үнэний ортой. Түвшинбаярын тархи, зүрх хэнд ч дийлдэшгүй хосгүй бөх. Лондонд гагцхүү бэлтгэлээр л түүнийг ялах байсан. ОХУ-ын шигшээ баг дотор хамгийн хүчтэй, биеийн хэлбэр, хэмжээ, бэлтгэл гээд бүхий л зүйлээрээ дээд төвшинд бэлтгэгдсэн бөх Тагир.

Би энд ирчихээд Түвшинбаяртай ярилцаад бэлтгэл хийж байгааг харсан. Нэг л жишээ хэлье. Тагир хэвтээгээс 180 кг шахдаг бол Түвшинбаяр 140 кг. Энэ чинь асар их зөрүү. Хэвтээ барилдлаа гэхэд Тагир Түвшинбаярыг өөрөөсөө 40 удаа түлхэж зайлуулж чадна гэсэн үг. Биеийн хүчний зөрүү, ялгаа ийм байна. Гэхдээ Түвшинбаярын толгой, зүрх хэнд ч дийлдэхгүй супермэн гэдгийг дахиад хэлчихье.

-Манай олимпийн аварга бэртэл авсан нь бас нөлөөлсөн?

Лондон. Багийн найз Э.Энхбатын хамт                                                                                         

-Тийм шүү. Мэдээж энэ сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ дэлхийд босоо барилдаж буй бөхчүүд гарын таван хуруунд л багтана. Түвшинбаяр, Цагаанбаатар үүнд яах аргагүй багтаж, жүдо бөхийг чимж яваа шилдэг жүдочид.Тамирчин хүн яаж барилдахаа маш сайн мэднэ. Яаж ялагдсан, ямар алдаа гаргаснаа ч мэднэ. Тийм учраас шилдэг жүдочдоо ялагдах үед битгий чамла. Тамирчин хүн ч гэсэн бусдын бодол санаанд автаж болохгүй. Муулж, сайлсан ч ач холбогдол өгөх шаардлагагүй.

-2012 оны олимпод дэлхийд чансаагаараа тэргүүлж байсан Алим Гадановыг Европын аваргад илгээж, хоёрдугаарт бичигдсэн Муса Могушковыг барилдуулсан. Могушков Лондонгийн олимпийн эхний тойрогтоо ялагдаж, Гаданов Европын аварга болчихсон. Та энэ сонголтондоо харамсдаг уу?

-Үгүй. Дэлхийн рейтингийг голлож хараагүй. Могушковын олимп биш байсан нь харамсалтай.  Гаданов амьдралдаа анх удаа тивээсээ алтан медаль хүртсэн шүү.
-Лондонгийн олимпийн аваргуудаа тактикаар нөөцлөөд байна уу та. Тагир дэлхийн аваргын өмнөөс дэвжээнд гарсан бол Мансур Исаев хагалгаанд орсон гэж сонссон?
-Мансур Исаевын хагалгаа амжилттай болсон. Бразилийн олимпод оролцох магадлал түүнд 90 хувь бий. Галстян хөлөө хугалсан. Ирэх сараас жин өгсч тэмцээнд оролцож эхэлнэ. Шинэ жинд дасахад хангалттай хугацаа үлдээгүй байгаа учраас одоохондоо түүний тал дээр ам гарч чадахгүй нь.

-Лондонгийн олимпийн дараа ОХУ-ын Засгийн газар олимпийн медальтнуудаа нэг сая ам.доллараар урамшуулсан. Таны бахдам амжилтыг хэрхэн үнэлэв?

-Би Лондонгоос Италид очоод байсан. Гэтэл Путин Итали руу өөрийн хувийн онгоцоо нисгэж гэр бүлийнхнийг минь Сочид гэртээ аваачсан. Сочигийн олимпийн бэлтгэл ажлаа надад үзүүлж, завиар зугаалж, их сайхан аялсан. Гэр бүлийнхэнд маань ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ хүндлэл мэдээж үнэхээр их таалагдсан.

-Галстян, Мансур Исаев, Хайбулаев Тагир, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Кирилл Денисов, мөнгөн медальт Беслан Мудранов, хошой хүрэл медальт Муса Могушков, Алим Гаданов тэргүүтэй жүдогийн шилдэг бүрэлдэхүүн танд бий. Чансаагаараа олимпийн эрхийн болзол дотор жагсч буй хэчнээн тамирчин байгаа вэ. Бразилийн олимпод сойх тамирчдын сонголт хэр зовоож байна?

Оросын жүдо бөхийн шигшээ баг                                                                                                 

-40 жүдоч олимпийн эрхийн болзолт чансаан дотор багтсан. Одоо гэмтэл бэртэл авахгүй байх нь чухал. Надад 40 жилийн туршлага байгаа учраас санаа зовох зүйл алга. 2016 оны олимпийн зураглал надад харагдаж байна. Чансааны эхний 8-10-д байгаа хүмүүсээс медальтнууд тодорно. Бид бүх тэмцээнд тасралтгүй оролцож, олимпийн эрхээ цуглуулж байгаа. Оросын баг даруухан, чимээгүйхэн бэлтгэлээ базааж байгааг та бүхэн анзаарсан байх.

-Ерөнхийлөгч В.Путин Бразилийн олимпийн медалийн амлалтаа авчихсан уу?

-Одоо надаас хэдэн медаль авахыг асуухгүй байх. Челябинскийн дэлхийн аваргаас гэхэд эрэгтэй баг долоон медаль авсан. Багийн төрөлд хоёрдугаар баг барилдсан. Ингээд бодохоор 17 жүдоч дэлхийн аваргаас медаль хүртсэн. Ойрын гурав, дөрвөн жилдээ энэ 17 жүдочийг ялах хүн байхгүй. Буудахаас нааш унана гэж байхгүй. /инээв.сур/ Хоёр олимпийн аварга барилдахгүйгээр шүү. Энэ л миний түүнд өгч буй хариулт.

-Лондонгийн олимп, Челябинскийн дэлхийн аварга гээд гялалзсан энэ их амжилтуудыг тань хараад төрөлх эх орон тань харамсдаг л байх. Магадгүй таныг эх орондоо дасгалжуулагчаар ажиллах хүсэлт тавьсан уу?

-Амьдрал бол амьдрал шүү дээ. Мэдээж Италийн жүдо бөхийн холбооноос байнга санал тавьж байгаа. Нэгэнтээ гэрээ хийгээд зорилго тавьчихсан учраас 2016 оноо дуусгана. Олимпийн дараа яахыг харцгаая.

-Тамирчны хувиар Италид домог, дасгалжуулагчийн хувиар ОХУ-д баатар болчихлоо?

-Дасгалжуулагчийн хувиар ч би Италид баатар байх болов уу. /инээв.сур/ 1992 оноос эхлэн Италийн шигшээ багт ажиллаж, оролцсон олимп бүрээс медаль авсан. 1996 оны олимпиос нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан. 2000 оны олимпод олимпийн аварга төрүүлж, гурван хүрэл медаль, 2004 онд гурван хүрэл медаль авсан. Олимпийн аварга олон медальтан төрүүлсэн учраас тэд надад хайртай. Би зав зайгаараа Италийн шигшээд зааварчилгаа өгдөг. Оросын ард түмэн, жүдочид ч надад хайртай учраас би их азтай.

1980 он. Олимпийн аварга болж буй агшин                                                            

-Та 17 настай анх удаа олимпод орж, 21 настайдаа олимпийн аварга болсон. Итали орон таныг хэрхэн угтав. Монголчуудын хувьд 2008 онд анхны олимпийн аваргатай болоход эх оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүд хамтдаа баярлаж түүнийг хүндэтгэсэн?


-Миний хувьд 17 настай өсвөр үе гэж хэлж болох учраас анхны олимпийн медаль авах бодол огт төрөөгүй. Зөвхөн хүүхэд насны минь мөрөөдөл минь биелж, олимпод оролцож байгаа минь л сайхан санагдсан. 21 настайдаа хоёр дахь олимпод сэтгэлзүйн хувьд аль хэдийн бэлтгэгдэж, медаль авах зорилгоо биелүүлсэн. Намайг эх орон минь хүндэтгэж угтсан. Гэртээ очоод бяцхан хүлээн авалт хийгээд, мотоциклээ унаад 1000 км газрыг туулсан. Тодорхой хугацаанд бүх юмнаас хол хэсэг хугацаанд амраад л ирсэн.

-Хамгийн залуухан олимпийн аварга уу?

-Тийм. Жүдо бөхийн түүхэн дэх хамгийн анхны залуухан олимпийн аварга. Олимпийн бусад төрлөөр ч 21 настай олимпийн аварга цөөхөн.

-1984 оны Лос-Анжелесийн олимпийн финалд БНСУ-ын бөхөд ялагдаж мөнгөн медаль авсан?

-Эхний дөрвөн өрсөлдөгчөө дараалан цэвэр ялсан. Финалд ч гэсэн ялна гэдэгтээ итгэлтэй барилдсан. Хоёр ч удаа өчих мэх хийсэн ч санаснаар минь болоогүй. Маш их хүч гарч, сүүлдээ өөрийн эрхгүй тамирдаж, кока үнэлгээ алдсанаар ялагдсан.

Москвагийн олимпийн медальтнууд 34 жилийн дараа                                                                  

-1988 оны Сөүлийн олимп таны хувьд хамгийн сүүлчийн олимп байсан?

-Олимпийн өмнөх дэлхийн аваргаас дахиад мөнгөн медаль авчихсан учраас олимпиос алт авна гэж зорьсон. Төлөвлөгөөний дагуу олимпийн бэлтгэлээ хийсэн ч өөрөө хэт шунаж хийгээд давуулчихсан. Олимп болохоос сарын өмнө Газрын дундад тэнгисийн наадамд оролцоод далайн гаралтай ч юм уу өвчин туссан. Байнга халуурч байгаад л олимпод зодоглосон. Миний амьдралын дэндүү том сургамж. Сүүлчийн олимп гэж мэдэж байсан ч санаснаар болоогүй. Жүдочдын хувьд дөрвөн олимп дараалан оролцоно гэдэг үнэхээр хатуу зүйл.

-Олимпийн дараа зодог тайлсан уу?

-Албан ёсоор бол зодог тайлаагүй. Олимпиос ирснээс хойш нэг жил гаруйн хугацаанд жүдогоор ч барилдаагүй. Хэнийг ч харахыг хүсээгүй. Аажмаар гэр бүлийнхээ компанид ажиллаж эхэлсэн. Тэгээд аажим аажмаар бэлтгэл хийж, улмаар клубтаа эргэн очиж найзуудтайгаа хамт байх болсон. Жүдо бөхийн хувьд сэтгэлзүйн маш хүнд спорт. Сэтгэлээр унах тохиолдол их гардаг. Барилдааны өмнөх таван минутын амьдрал ямар хэцүүг та нар төсөөлөхгүй дээ. Ялж яваад ялагдсан тохиолдолд сүүлийн минутын тэр барилдаан хэзээ ч сэтгэлээс гардаггүй.

-Олимпийн алт, мөнгөн медаль, дэлхийн аваргын хошой мөнгөн медаль, Европын аварга, хошой мөнгө, дөрвөн олимпод зодоглосон таны амжилтыг давтсан уу?

-Одоогоор байхгүй. 2016 он миний хувьд 10 дахь олимп.

-Монголын шилдэг тамирчдаас олонтаа сонссон. Сайн тамирчин бүр сайн дасгалжуулагч болдоггүй гэдгийг. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Би эсрэг саналтай байна. Жүдогоор барилдана гэдэг бол их сургууль төгссөн гэсэн үг. Олимп, дэлхийн аваргаас медаль авна гэдэг бол мастер хамгаалчихлаа. Байнга бэлтгэл хийж, дараа, дараагийн тэмцээнээс тасралтгүй медаль авах бүртээ дээд төвшинд бэлтгэгдчихнэ. Ингээд хүсэл эрмэлзэл байх юм бол дасгалжуулагч хийж чадна. Хамгийн гол нь тухайн хүн бэлэн байна уу гэдэг нь чухал. 2004 онд би дасгалжуулагчийн ажлаа өгчихөөд их сургуульд сурсан.

-Ямар мэргэжлээр?

-Дасгалжуулагчаар. Олимпийн хорооноос намайг их сургуульд сурч, мастер хамгаалах хэрэгтэй гээд байсан учраас. Гэтэл өнөөх их сургуулийн том профессорууд надаас асуудаг, би заачихдаг болчихсон. Их сургуулиа төгсөөд мастер хамгаалах хүртлээ би багш нарыгаа ч их сайн зааж сургасан. /инээв.сур/ Багш нар онол яриад эхэлнэ. Би өөр байх ёстой гээд практик яриад зөрөлдөөд байсан. Том амжилтын ард гарчихсан учраас сүүлдээ багш нар бууж өгсөн. Английн Кембрежийн их сургуульд жүдогийн дасгалжуулагчийн өндөр зэрэглэлийн сургалт байдаг. Би ч өнгөрсөн жил суралцахад миний хэрэглэдэг байсан төлөвлөгөөг бусад оюутнуудад хэлж заадаг байсан. Миний юмыг надад заагаад эхэлсэн гээд бод доо.

-Монголын жүдочдын бэлтгэл сургуулилтаас та ямар дүгнэлтэд хүрэв?

-Оросын жүдочдын ард томоохон үндэсний компаниуд, төр засаг, Ерөнхийлөгч нь хамтдаа зогсдог учраас ийм амжилтад хүрсэн. Миний сайных бас биш. Монгол Улсын ерөнхий прокурор, жүдо бөхийн удирдах албан тушаалтан Дорлигжав гэж хүнтэй уулзахдаа "Та нарт ямар бололцоо байна бүх зүйлээр жүдочдодоо харамгүй тусал" гэдгийг шууд хэлсэн.

Итали орон ч гэсэн яг танай улстай адил. Медаль авсны дараа л сайд, дарга нар нь ирээд. 16 жилийн хугацаанд олимпийн аварга болсны дараа Италийн Ерөнхий сайдтай нэг л удаа уулзсан.

Гэтэл ОХУ-ын ерөнхийлөгч Путин дөрвөн жилийн хугацаанд надтай 7 удаа уулзаж, дөрвөн удаа хамт бэлтгэл хийсэн. Тухтай удаан хугацаагаар уулзсан нь долоо шүү. Гэтэл Лондонгийн олимпиос хойш жилийн дотор бараг арван удаа уулздаг болсон. ОХУ-ын жүдочид бид нарын ард, бид нартай хамт Ерөнхийлөгч минь байдаг шүү гэдгийг мэдэрдэг учраас ингэж бардам барилддаг. Мөнгө чухал. Гэхдээ сэтгэл бүр ийм илүү. Баттулга гэж хүн ганцаараа үүрээд явдаг байж болохгүй. Энэ чинь үндэсний биш их спорт шүү дээ.

-Манай жүдочид орчин үеийн бэлтгэлийн заалтай болох гээд хандив цуглуулж байгаа.

-Би мэдсэн. Жүдо бөхийн ордон барих гээд хандив гуйж байгааг мэдээллийг сонсоод үнэндээ шууд л толгой сэгсэрсэн. Одоо ч үүнд итгэхгүй байна. Гайхалтай төслийг босгоход яагаад 50 хувийг төр засаг, 50 хувийг бизнесийнхэн дэмжиж болохгүй гэж. Монголын төр засгаас би хэнийг ч танихгүй, нэрлэж чадахгүй. Харин 1980 оны олимпийн хүрэл медальт Даваадалайгаас эхлээд Монголын жүдочид, дасгалжуулагчийг би танд нэрлэж чадна. Спортын гайхамшиг үүнд оршдог юм. ОХУ-ын ерөнхийлөгч, IJF-ын ерөнхийлөгч ч Монголын жүдочдыг таньдаг, хүндэлдэг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Тамирчны хувиар дөрөв, дасгалжуулагчаар зургаа гээд 2016 оны олимп таны 10 дахь олимп гэсэн. Танд амжилт хүсье?

-Баярлалаа та бүхэнд. Монголын жүдочдод амжилт хүсье. Хамгийн гол нь дахиад хамтдаа финалд үлдэцгээж, сайхан барилдаануудыг дэлхий дахинд харуулъя. Эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг, -100кг гээд Монголын жүдочдын финалдах ёстой л жингүүд.

Эх сурвалж: GOGO.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ju-do (203.160.55.2)
    мундаг юмаа.төр засаг нь, холбоод нь сайн ажиллавал амжилт олдогийг харуулж байна.манай жүдогийн холбоо гайгүй сайн ажилладаг учраас дэлхийд манай жүдочид танигджээ. энэ эрчээ бүү алдаарай, төрөөс сайн харж үзээрэй гэж хүсье.Баттулгадаа ажлын амжилт хүсье.улам эрч хүчтэй ажиллаарай.Харин манай чөлөөтийнхөн маань нэг тиймэрхүү байна шүү. олон толгойтой могойн үлгэр болоод байна.та нар минь энэ хэрүүлээ боливол яасан юм. миний мэдэхийн 1980 оноос л ийм балай хэрүүл уруул, амбиц гарч ирсэн.нэг учраа олоод бөхийн төлөө сэтгэлтэй шинэ хүн, шинэ орчин гаргаж бүрдүүлээд, хууччуул нь зайгаа тавьж, шинэчүүдээ дэмжээд явбал болмоор юм шиг.уг манай чөлөөтийнхөний гаргаж байсан байгаа амжилт мундагшдээ
    2015 оны 05 сарын 21 | Хариулах