
Хүний биологийн потенциалыг бүрэн ашиглавал 500 наслах боломжтой гэж “Google” компанийн салбар болох “Google Ventures”-ын захирал Билл Мэрис өгүүлжээ. Тэрбээр “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Анагаах ухаан, биомеханикийн салбар дахь хөгжил дэвшлийн ачаар хүн 500 наслах боломжтой” хэмээн ярьжээ. Мөн “Бид амьдралын тухай судалгаанд ахиц гаргаж, хамгийн зоримог төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхүйц хэрэглүүрүүдтэй болсон” хэмээн мэдэгджээ. “Google” компани генетикийн ухаан, олон төрлийн өвчний оношилгоог хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулж байгаа аж. Билл Мэрис АНУ дахь Дьюкийн их сургуульд нейробиологийн салбарт судалгаа хийж байжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хүний насыг уртасгах төслүүдэд ажилласан юм. “Google” компани эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ хүн амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадвал 120 наслах боложтой гэсэн үзэл баримтлалд түшиглэсэн аж. Үүний дараа шинэ үеийн машины тусламжтайгаар хүний насыг хязгааргүйгээр уртасгах боломжтой гэж үзжээ.