Нүд хуурсан зам засварын ажлыг хэдий болтол хийх вэ

Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  “Хүний төлөө-Зөв тус” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар-Дархан, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун-Урт чиглэлийн замд шалгалт хийсэн юм. “Дархан АЗЗА” төрийн өмчит компани нь Зам, тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкнаас санхүүжилт авч ээлжит засварын ажил хийхээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд хоёр км замын даланг сольж шинээр хучиж, 10 км замын суурийг хучилтын хамт шинэчилжээ.Өнгөрсөн жил дээрх замуудыг шинэчлэхдээ хүйтний улиралд гүйцэтгэснээс их хэмжээний эвдрэл гарсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим замыг засч шинэчлэхдээ зураггүй гүйцэтгэдэг, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн туршлага, менежмент муу, зам засахад шаардлагатай материал, санхүүжилт тааруу байгаа нь илэрчээ. Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсаж байгаад МХЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж замын ажилд зарцуулсан хөрөнгө, гүйцэтгэлийг хянаж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүллээ.

Үүнд: 

-Илэрсэн зөрчлийг засварлах аргачлал боловсруулан зөвлөх, захиалагч байгууллагаар баталгаажуулж стандартад нийцүүлэн засварлах

-Урссан хөвөөний дүүргэлтийг дахин хийх, хөвөөг нийт замын дагуу нягтруулах, шуудууны болон хоолойн бэхэлгээг техникийн шаардлагын дагуу хийх

-Замын суурь, хучилтын материалын туршилт шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгэн баталгаажуулж, орц, нормыг тогтоолгон норм дүрэм, стандарт, техникийн шаардлагын дагуу засварын ажлаа хийх, хагарал гарч байгаа шалтгааныг тогтоолгох

-Эвдрэл гарсан хэсэг, цаашид засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусгах хүртэл тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах, хориглох болон мэдээллийн тэмдэг байрлуулахыг албан шаардлагад тусгасан байна.

Энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа зөвлөх, захиалагчаар баталгаажуулж , шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг анхааруулжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.