
Г.Цэнд-Аюуш
Дөрвөн настай охиноо зодож амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг энэ сарын 21-нд шүүх хурлаар оруулах тов гарчээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох энэхүү хурал хохирогч насанд хүрээгүй гэх шалтгаанаар хаалттай болохоор болжээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан юм. Харин талийгаач охины хойд ээж 27 настай Г.Маралмааг охиныг зодож амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татжээ. Биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар дуудсан байна. Мөн түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.