
Г.Цэнд-Аюуш

Сүүлийн үед гудамж, талбай, орон сууцны дэргэдэх зогсоолд тавьсан машины цонх хагалж, хулгай хийх явдал ихэсч байгаа талаар УБХЦГ-ын ЗЦГ-аас иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна.
БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагчид дөрвөн машины цонх хагалж, эд зүйлс болон машин доторх бусад зүйлсийг хулгайлж байсан гэмт хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь барьж авчээ. Энэ хэргийг шалгаж үзэхэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусад этгээдүүдтэй бүлэглэн хулгай хийдэг байсныг илрүүлжээ. Эдгээр залуус орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан машины цонхыг хагалж хулгай хийж цааш нь зардаг байжээ.
Мөн 13 настай хүү мөнгө олох зорилгоор автомашины цонхыг хагалж хулгай хийдэг байсныг илрүүлжээ. Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Э БГД-ийн 20 дугаар хорооны Өнөр хорооллын зогсоол дээр таван машины цонх хагалан хулгай хийж байжээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат-116 чиглэлийн ахлах ахлагч Н.Наранхүү Х.Балдандорж нар хулгайчийг барьжээ. Эдгээр хэргүүдийг дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа юм байна.