

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14. Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.
Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллага нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, суртачлах үүрэгтэй байх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасан байна.

Түүнчлэн хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгодог байхаар тусгажээ.
Хууль санаачлагчийн болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л. Эрдэнэчимэг, энэ хуулийн төсөлд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт архи худалдаах, үйлчилгээ эрхлэх цагийн эрхийг олгохоор тусгасан байгаа . Өнөөдөр шөнийн 12.00 цаг хүртэл бар, караоке, паб ажиллаж байгаа нь хангалттай. Иймд караоке, паб, диско клубуудыг өглөөний 04.00 цаг хүртэл шөнөжин ажилладаг болгохыг эсэргүүцэж байна. Ингэж цагийг уртасгаснаар гэмт хэрэг, архидалт улам ихсэнэ. Бидний хуулийн төслийг хүчээр буцааж, сайжруулж оруулж ирнэ гэсэн ч өнөөдөр ийм л зүйл оруулж ирж байна. Иймээс энэ хуулийн төслөө буцаан татаж авах хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
Сэтгэгдэл (2)