Улсын нэгдсэн төсөв 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

Д.БЭХИ

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны эхний дөрвөн сард 1675.0 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1919.8 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 139.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 7.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

 Харин татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 38.3 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төгрөг буюу 27.6 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар буурсан хэдий ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого 102.8 тэрбум төгрөг буюу 72.4 хувь. Онцгой албан татварын орлого 31.5 тэрбум төгрөг буюу 23.2 хувь, нийгмийн даатгалын орлого 23.3 тэрбум төг буюу 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 Улсын нэгдсэн төсвийн орлогын 88.1 хувийг татвар, 11.7 хувийг татварын бус, 0.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлогын эзлэх хувь 2.2 пункт, тогтворжуулалтын сангийнх 0.7 пунктээр буурч, харин татварын орлогынх 2.9 пунктээр өсчээ. Тэгвэл Монгол Улс 2015 оны эхний дөрвөн сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2486.5 сая ам.доллар, үүнээс экспорт 1452.3 сая ам.доллар, импорт 1034.3 сая ам.доллар байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны эхний дөрвөн сард 1919.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.8 хувиар өсөхөд бараа, ажил үйлчилгээний зардал 77.6 тэрбум, урсгал шилжүүлэг 30.6 тэрбум төгрөг буюу 4.7 хувь, хөрөнгийн зардал 14.7 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.