

Уг тайлан нь хууль эрх зүйн байдлын шинэчлэлийн талаар хийсэн нарийвчилсан судалгааг танилцуулж байна
Олон улсын хэвлэл, судалгаа ба зөвлөх үйлчилгээ эрхэлдэг фирм болох Оксфорд Бизнес Группын (ОБГ) Монголын талаарх энэхүү шинэ тайландаа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд хэрхэн шинэ хуулиудыг батлан, худалдааг өргөжүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа талаар нарийвчлан судалсан байна.
Монгол 2015 Тайлан: Уг тайланд Оюу Толгой төслийн өсөлт, уналт болон мухардалд ороод байсан уурхайн өргөтгөлийн ажил ойрын үед урагшлах төлөвтэй байгааг өгүүлсэн байна. Төслийн санхүүжилтын асуудал болон төгрөгийн ханшны сулралтай холбоотойгоор Монгол оронд тулгарч буй саад бэрхшээлүүдийн тухай, эдгээр нь хэрхэн 2014 онд хөгжлийг удаашруулсан талаар уг тайланд бичигджээ.
ОБГ-ын Монгол орны талаарх дөрөв дэх удаагийн тайлан болох Монгол 2015 Тайлан-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг оруулахын зэрэгцээ хөрөнгө оруулагч нарт зориулан салбар салбараар нарийвчилсан мэдээлэл багтаав.
Түүнчлэн, тайланд Монгол Улсын шилдэг төлөөлөл болох Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оюу Толгой төслийн удирдагч Г.Батсүх болон Петровис компанийн захирал Ж.Оюунгэрэл зэрэг хүмүүсийн өгсөн өргөн хүрээтэй мэдээллийг оруулав.
Олон улсын нэр хүнд бүхий олны танил хүмүүс тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, GDF компанийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Сүиз Жерард Мистраллет, Хөрөнгө Оруулалтын үйлчилгээний Мүүди компанийн Азийн салбар, Аж ахуйн нэгжүүд, Санхүүгий байгууллагуудыг хариуцсан Дэд захирал Граем Ноүд нартай уулзаж Монгол орны эдийн засгийн хөгжлийн талаарх тэдний сэтгэгдлийг тусгалаа.
Монгол орны зам, тээврийн сүлжээ ба ложистикийн салбарыг хөгжүүлэх нь сүлжээг сайжруулах, дотоодын бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэхэд чухал үүрэгтэй билээ. Тиймээс ОБГ-ын 2015 тайланд шинээр зам, төмөр зам болон ложистикийг хөгжүүлэхээр төлөвлөгдөж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
Монгол 2015 тайлан-д сүүлийн жилүүдэд зогсонги байсан санхүүгийн салбар сэргэж байгаа талаарх мэдээллийг оруулав. ОБГ-ээс гаргасан тайланд банкны салбарын гол тоглогч нар дугуй ширээний ярилцлагад оролцон салбарын тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо хуваалцсаныг мөн тусгалаа.
Улс орныхоо эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортоос хамааралтай байдлыг дотоодын нөөцөд хөрөнгө оруулах замаар багасгахыг Монголчууд зорьж байна. Эрчим хүчний сүлжээ, түүнийг сайжруулах талаар дүн шинжилгээ хийснээ бид танилцуулж байна. Тайланд мөн улс орны чухал салбар болох хөдөө аж ахуйн чиглэлээр шинэ хөтөлбөр хэрэгжүүлж улс орны үйлдвэрлэл ба экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа тухай мэдээлсэн.
Тайланд ОБГ-ын Гүйцэтгэх захирал Андрю Жефрис 2014 он Монгол орны хувьд олон талаараа маш хүнд жил байсан талаар дурдахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн шинэчлэлээс эхлэн бизнесийн орчныг сайжруулах талаар Монгол Улс сайн ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн.
Тэрээр "2014 онд ДНБ-ний өсөлт 6.3 хувь буюу өмнөх жилийн 11.7 хувиас буурна гэсэн таамаглалууд байна. Гэвч, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хууль болон ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд эрдэс баялгийн арвин нөөцтэй тус орны гадаадын хөрөнгө оруулагч нарын ашиг сонирхолд нийцэж байна. Шинэтгэлийг цаашид дорвитой хийх хэрэгтэй боловч эдгээр өөрчлөлт, шинэчлэл нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чухал алхам болов " гэжээ.
ОБГ-ын Азийг хариуцсан Ерөнхий Редактор Паулис Кунсинас хэлэхдээ тааруухан нэг жил өнгөрсний дараа батлагдаж байгаа Монгол Улсын шинэ хуулиуд нь төслүүдэд маш их шаардлагатай байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тогтвортой байх ёстой гэв.
Тэрбээр "2014 оны эхний 9 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 70 хувиар буурсан учир Монгол орон хөрөнгө оруулах бололцоотой орон гэдгээ мэдрүүлэх шаардлага гарч ирж байна" гэж хэлэв. Тэрээр цааш нь "Манай тайланд Монгол орны уул уурхайн салбарт гарч буй чухал өөрчлөлтүүдийн талаар онцгойлж байгаа боловч гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэх бусад хөгжиж буй салбарууд болох ноолуур, мах, аялал жуулчлал болон мэдээллийн технологийн салбаруудын хөгжлийн боломжуудын талаарх судалгааг хүргэж байна" гэв.
Монгол 2015 Тайлан нь ОБГ-ын шинжээчдийн багийн хагас жил гаруй хугацааны турш хийсэн судалгааны үр дүн юм. Манай тайланд эдийн засгийн хөгжил түүний чиг хандлага, тухайлбал, макро эдийн засаг, дэд бүтэц, банк ба бусад салбарын хөгжлийн талаар үнэлгээ, дүгнэлт хийсэн болно.
Монгол 2015 тайлан-г Инвест Монголиа, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран бэлтгэв. Манай тайланг цаасан болон цахим хэлбэрээр авах боломжтой.
Оксфорд Бизнес Группын тухай
Оксфорд бизнес групп (ОБГ) нь Дундад Ази, Африк, Латин Америк, Карибийн орнуудын зах зээлийн талаар эдийн засаг, улс төрийн мэдээллийг нийтэлдэг дэлхийн түвшний хэвлэн нийтлэл, судалгаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг байгууллага юм. ОБГ нь өөрийн олон төрлийн хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан банк, санхүүгийн зах зээл, даатгал, эрчим хүч, тээвэр, үйлдвэрлэл болон холбоо харилцаа зэргийг хамарсан улс төр, макро-эдийн засаг, салбарын хөгжлийн цогц нарийвчилсан дүн шинжилгээг санал болгодог.
Асуудал хөндсөн эдийн засаг, улс төр, бизнесийн тайлангууд нь хамардаг бүс нутгийнхаа хөгжиж буй улс орнуудын бизнесийн мэдээллийг олж авч болох тэргүүлэх эх үүсвэр болж чадсан байна. ОБГ-ын эдийн засгийн талаарх цахим мэдээлэл нь дэлхийн хэдэн арван мянган захиалагчдынхаа хэрэгцээг хангасан нарийвчилсан дүн шинжилгээг багтаадаг. ОБГ-ын зөвлөх үйлчилгээний салбар нь эдгээр зах зээлүүдэд одоогоор үйл ажиллагаа явуулж буй болон явуулах гэж буй компаниудын шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч үйлчилдэг.