Гадаад бодлогод “Нэг цонх”-ны бодлого барьж ажиллана

Д.Баясгалан

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” нэвтрүүлэгт оролцохдоо “ Төрийн бүх шатны байгууллага гадаадын улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо нэг цонхоор харилцаж ажиллах зарчмыг эн тэргүүний зорилт болгон хэвшүүлэхээр ажиллаж байна” гэж хэллээ. Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад хэргийн яамаар дамжуулан хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих зорилгоор тус яамны бүтцэд Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулжээ. Гадаад эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Гадаад хэргийн сайд томилогдсон байна. Энэ нь ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд ажиллаж байгаа дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, хөрш орнуудтайгаа хэрэгжүүлэх бодлогыг нэг цонхоор явуулахад чухал ач холбогдолтой гэж сайд хэллээ.

Гадаад хэргийн яамны бүтцэд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг байгуулж, Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Соёл, урлаг, өв, түүх, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаад улс орнуудад түгээх замаар тухайн салбарын гадаад харилцааг дэмжиж, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.  Хилийн чанадад байгаа Монголын соёлын өвийг бүртгэх, судлах үндэсний хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академитай хамтран боловсруулж, хулгайлагдсан болон хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орох бэлтгэлийг хангаж байна. Гадаад улс орнуудад ажиллаж байгаа Монгол судлалын төвүүд болон монгол судлаач эрдэмтдийг бодлогоор дэмжиж, гадаадын их, дээд сургуулиудад монгол судлалын анги, тэнхимийг шинээр нээх, үйл ажиллагаанд нь зайлшгүй шаардлагатай байгаа судалгааны ном хэвлэлээр хангах зорилготой ажиллаж байна гэж сайд хэллээ.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэд рүүгээ хандсан бодлогыг өргөжүүлж, тэдний үүсгэл санаачилгыг дэмжих цогц бодлого боловсруулж байна. Гадаадад суугаа иргэдэд туслах сангийн үйл ажиллагааг эрчимжүүлж 2015 он гарсаар тусламж авах хүсэлт гаргасан 28 иргэний хүсэлтийг судлан 43 сая төгрөгийн тусламж үзүүлжээ хэмээн ярьсан юм.

Тэрбээр мөн Австралийн Элчин сайд яам байгуулагдана гэж хэлсэн нь манайхан олноор суурьших болсон тул иргэдийн анхаарлыг ихээхэн татлаа.

Дашрамд дурдахад, Австралийн Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод Элчин сайдын яам байгуулахаар төлөвлөж, зардал мөнгийг нь төсөвтөө тусгажээ.

Тус улс Гадаад хэргийн яамныхаа дөрвөн жилийн төсвийг нэмэгдүүлж Катар, Индонези, Папуа шинэ Гвиней, Тайланд болон Монгол Улсад Элчин сайдын яам байгуулах шийдвэр гаргасан байна. Энэ нь Австралийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн том төсөл" гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоп тэмдэглэжээ. Энэ ажилдаа тус улсын 98,3 сая ам.доллар төсөвлөсөн байгааг Австралийн Гадаад хэргийн яамны сайтад дурдсан байв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.