Эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. 2010 онд батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоотой эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томьёо, ойлголтыг оновчтой зөв болгох, зохицуулагдаагүй үлдсэн тулгамдсан асуудлуудын эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. 2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дээрх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14,6 хувь нь стандартын бус болох нь тогтоогджээ. Нийт эмийн үйлдвэрийн дөнгөж нэг хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж байгаа нь өнөөгийн мөрдөж байгаа хуулинд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бүртгүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчинг зохицуулаагүйтэй холбоотой. 

Эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хуурамч эмийг илрүүлэх зорилгоор эм үйлдвэрлэгч, импортлогч, бүртгүүлэгчид өөрийн импортлосон, үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байх, эмийг зах зээлд нэвтэрсний дараах чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийж, үр дүнг мэдээлэх, шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн 4 жилд эмийн импортын үнийн дүн гурав дахин өсч, эмнэлгүүд хэрэгцээт эмээ олон улсын жишгээс 2.4 дахин өндөр үнээр тендерээр худалдан авах боллоо. Техник, технологи хөгжихийн хирээр шинэ, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл эмчилгээ, оношлогоонд нэвтэрч, нийт хэрэгцээт эмийнхээ 80 гаруй хувийг импортоор хангадгаас валютын ханшийн өсөлт эмнэлгийн төсөвт шууд дарамт үүсгэж байгаа болон эмийн худалдан авалтын зохион байгуулалт оновчгүй зэрэг нь эмчилгээ, оношлогоог доголдуулах нөхцөл болж байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх бүхий байгууллагаас эм,эмнэлгийн хэрэгслийн үнийн талаарх хараат бус бодит мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгож, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар болон зарим шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг тогтоох хууль, эрх зүйн орчин бүрдэх юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хонгордов (182.160.3.110)
    төрөөс эрүүл мэндийн салбарт төсөвлөгдсөн мөнгөний талаас илүү хувь нь төсөл тендер нэрээр завшигдаж байгаа нь нууц биш Нөгөөгөөр үлдсэн жаахан эм тариа нь очих ёстой хүндээ бүрэн очдоггүй арын хаалга ах дүү амраг садангийн үйлчилгээнд явдаг Ядарсан жирийн иргэнийг чанар муутай эмээр хагас дутуу эмчилсэн болоод гаргадаг нь эцсийн дүндээ өвчнийг нь архагшуулахад хүргэж байна 3сая хүн бүгд өвдөөгүй Төрөөс төсөвлөгдсөн мөнгийг бүх хүндээ хувааж үзвэл нэг хүнд асар их тоо гарна Хоосон тоо өвчтөний түүхийг хуурамчаар бүрдүүлэх зэргээр ил далд аргаар идэж уух асуудал хэвийн үзэгдэл болсон байхад ЭМЯ удирдлага түшмэд нүдэн балай чихэн дүлий сууцгааж байна Улсын эмнэлэг хувийн эмнэлгүүдийн саалийн үнээ болж хувирсан байна Бүх юмыг үнэтэй болгож иргэдийнхээ эрүүл мэндээр бизнес хийхээ болих хэрэгтэй Өдрийн хоолоо арай ядан залгуулж яваа жирийн иргэд адаглаад шүдээ ч эмчлүүлж чадахгүй байдалд хүрсэн өвдвөл нэг үгээр үхэхээс өөр замгүй болсон байна Иргэдийнхээ эрүүл мэндийг хөсөр хаяж байгаа нь
    2015 оны 05 сарын 13 | Хариулах