
Д.БЭХИ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ онгоцны буудлын төслийн судалгааг хийсний дараа санхүүжилтэд нь 28 тэрбум 807 сая иены хөнгөлөлттэй зээл олгох хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-ний өдөр байгуулсан юм.
Японы олон улсын хамтын ажиллагааны банкны зээл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай нэгдсэнээр ЖАЙКА нэрийн дор уг төсөл хэрэгжиж байна. Энэ жил төслийн 65 хувийг хийж ирэх жил бүрэн ашиглалтад оруулна гэсэн зорилттой байгаа юм. Манай улс ирэх жил АСЕМ-ийн уулзалт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 2016 оны тавдугаар сард нислэг хүлээн авах боломжтой эсэхийг судалж байгаа аж.
Хөшигийн хөндийн буудал нь онгоцууд хоёр талаасаа зэрэг хөөрч буудаг байх салхины болон бусад тооцооллоор байгуулагдаж байна.
Хөшигийн хөндийн нисэх буудлын зурвасын хэмжээ 3600 метр, автомашины зогсоол 825, цамхгийн өндөр 41м, терминалын талбай 37 мянган м/кв байна. Зурвас нь 3600 х45 метр, хоёр талаасаа онгоц хөөрч буух боломжтой. Зорчигч үйлчилгээний терминал нэг цагт 1100 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. Эхний ээлжинд онгоц хүлээн авах зургаан хүзүүвчтэй байна. Мөн жилдээ олон улсын болон дотоодын нислэгээр нэг сая 650 мянган зорчигчид үйлчилж, 11900 тн ачаа тээвэрлэдэг болохоор тооцоолсон аж.
Хөшигийн хөндийн буудлыг дотоодын ба гадаадын авиакомпаниуд Монголын нутаг дахь гол ба холбоос баазаа болгохоор төлөвлөн ажиллаж байна.Үүнд, МИАТ, Хүннү Эйр, Кориан Эйрлайнс, Аэрофлот, Люфтханса, Эйр Чайна, Туркиш Эйрлайнсыг зэрэг компани байх юм.
Сэтгэгдэл (1)