
Р.Пунцаг

Сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорих хүсэлтэй манай залуусын цуваа нэмэгдсээр байна. Гэхдээ энэ жилийн бүртгэл маш эмх цэгцтэй, дараалал үүсгэн жагсах хэрэггүй болсон. Учир нь Солонгосын Элчин сайдын яамнаас тусгай тендер зарлаж, гурван компанитай гэрээ байгуулан визний мэдүүлэг авах болсон байна. Манай иргэд ингэж виз авснаар хууль бус элдэв байдлаас сэргийлэх нөгөөтэйгүүр, тус улсад хараар үлдэх гэх мэт зөрчил арилна хэмээн хоёр улс үзэж байгаа аж.
Энэхүү ажил нь ч нэлээд үр дүнтэй байгаа гэнэ. Зүй нь материал бүрдүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард 1500 гаруй виз хүсэгч байснаас энэ журам мөрдөгдсөнөөс хойш даруй хоёр дахин их хүн виз мэдүүлсэн байна.
Цаашлаад энэхүү ажлын бас нэгэн давуу тал нь 90 хоног хүртэлх хугацаатайгаар тус улсруу зорчих гэж байгаа иргэдээс ямар ч визний хураамж авахгүй, дээр нь урилга, барьцаа хөрөнгө гэж байршуулахгүй болж байгаа юм. Гэхдээ энэ ажлыг туршилтын хугацаанд зохион байгуулж байгаа. Хэрэв энэ хугацаанд Солонгост очсон монголчуудын холбогдох гэмт хэргийн тоо буурвал тэр чигт нь ажил хэрэг болгон өргөжүүлэх юм.
Дашрамд дуулгахад, энэхүү туршилтад 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн хамрагдаж болно. Харин виз мэдүүлэхдээ нийгмийн даатгалын дэвтрийнхээ сүүлийн зургаан сарын хуулбарыг гэрлэлтийн лавлагаатайгаа авч ирэх ёстой юм. Мөн бизнес болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид сүүлийн гурван сарын дотор 500 мянган төгрөгөөс дээш татвар төлсөн хуулга, гэрлэлтийн лавлагаатайгаа ирж бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Түүнчлэн тухайн виз мэдүүлэх гэж буй хүний хамаатан садных нь аль нэг тус улсын байнгын болон ирж очих визтэй бол тэр хүнийхээ визний хуулбарыг өөрийнхөө паспорттой авч ирж бүртгүүлэх эрхтэй юм байна. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь ямар ч асуудалгүй, хугацаандаа гарах боломжтой болохыг холбогдох албаныхан онцлон хэлж байна.
Сэтгэгдэл (1)