
Д.БЭХИ

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяраар Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд өчигдөр ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл Оросын цэргийн тусгай онгоцоор ирсэн юм. Тэднийг Улаан-Үд хотод ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан угтан авсан байна.
Угтан авах ёслолын үеэр Ж.Бадамбазар "Үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирж байгаад тань талархаж байна. Монголын цэрэг эрс ямар дайчин, цог золбоолог байгааг дэлхийн орнуудын иргэд цэнхэр дэлгэцээр харлаа" хэмээн урамшуулжээ.
Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон орнуудын ихэнх нь хүндэт харуулын ангийнхаа бүрэлдэхүүнээс оролцуулсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байжээ. Тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ гүйцэтгэсэн байна.
ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын ахалсан багийнхан бэлтгэлийг хангахаар удирдан ажилласан юм. Цэргийн сүр хүч, цог золбоог гайхуулаад ирсэн эдгээр залуусыг нийслэл хүрэх замд нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийнхан болон Дархан-Уул аймгийн хүчний байгууллагын удирдлагууд тосон авч хүндэтгэлт үзүүлсэн юм. Тэдэнд маргааш 11.00 цагт ЗХЖШ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзах юм байна.