
Д.Баясгалан

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж 2014 онд Болгар улсын Софи хотод айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэжээ.. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол,Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн кирилл үсгийн хөшөөг байгуулах санаачлага ИТХ-аар дэмжигдэж, дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд өчигдөр сүндэрлэлээ. Хөшөөний нээлтэд манай улсад айлчлал хийж байгаа Болгарын ерөнхийлөгч оролцжээ.
Кирилл, Методи-ийн цагаан толгойн үсэг анх Болгараас түүхэн эх үүсэлтэй бөгөөд монголчууд бидний дөрвөн үеийг дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай бичиг үсэгтэй билээ. Дээрх санаачлагыг дэмжиж хөшөөний хөрөнгө зардлыг гаргахад туслалцаа үзүүлсэн Монгол улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав, Болгар Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга ноён Младен Станев, Эдийн засгийн хөгжлийн үндэсний холбооны зөвлөлийн орлогч дарга Вълчо Друмев, Бүгд Найрамдах Болгар улсаас суугаа Түр хамаарагч ноён Стаматов, Дагин компанийн ерөнхий менежер ноён Йордан Генов, 118-р сургуулийн захиргаа, багш, сурагчид нартаа дүүргийн иргэд талархалтай ханджээ.