
Д.БЭХИ

Хөлбөмбөгийн хамгийн баян клубуудыг “Форбс” нэрлэлээ. Энэхүү нэр хүндтэй жагсаалтыг гурав дахь жилдээ “Реал Мадрид” тэргүүллээ. Тус клуб 3,26 тэрбумын үнэлэмжтэйгээр дэлхийн топ 20 багийг тэргүүлсэн бол Барселона ердөө 100 сая ам.долларын зөрүүгээр хоёрдугаарт бичигдсэн байна. Жагсаалтын эхний 20-д багтсан клубуудын найм нь Английн Примьер лигт тоглодог багууд байгаа юм. Санхүүгийн хүчирхэг байдлаараа дэлхийд тэргүүлж буй эдгээр баг телевиз болон бусад бизнесийг сурталчлах гэрээ, тухайлбал, тамирчдын өмсгөл дээр лого байршуулж орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлдэг аж.
Тэгвэл “Манчестер Юнайтед” 3,1 тэрбумын үнэлгээгээр гуравт, “Байерн Мюнхен” 2,35 тэрбум ам.доллараар дөрөвт орсон байна. Харин жагсаалтын дөрөвдүгээр байраас багуудын үнэлэмж огцом доошилж, “Манчестер Сити” гэхэд 1,38 тэрбумаар үнэлэгджээ. Ингээд эхний аравт “Челси” 1,37 тэрбум, “Арсенал” 1,31 тэрбум,” Ливерпүүл” 982 сая, Ювентус 837 сая, “АС Милан” 775 сая ам.доллараар тус тус орсон байна.