
Г.Цэнд-Аюуш
Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаас гарч, хүмүүнлэгийн болон хандивийн чамгүй олон зүйлсийг хийсэн билээ. Жүжигчин бүсгүйг УИХ-ын эмэгтэй гишүүдээс ч илүү олон сайхан зүйлийг хийж чадсан хэмээн үзэгчид нь ам сайтай байдаг. Сайн үйлсийн аян эхлүүлж өөрийн уран бүтээлээсээ түр холдоод байсан Ундармаа “Single Ladies” киноны хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөж байгаа аж. Тус киноны өмнөх ангид дүр бүтээж байсан жүжигчин Туяа, Дөлгөөн нар тоглох юм байна. Уг киноны эхний ангид нөхөртэй болохыг хүсдэг бүсгүйчүүдийн тухай гардаг бол хоёрдугаар ангид нь найз залуу, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлэх юм. Жүжигчин Ундармаа киноныхоо талаар ярихдаа “Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.