Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баян ходоод болов

Д.Баясгалан

        Аливаа улсын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тухайн орны эдийн засгийн тодорхой хэмжүүр  болж харагддаг. Саяхан гаргасан судалгаагаар Монголд  нэг цагийн ажлын хөлс 0,55 цент буюу өнөөгийн ханшаар 1065 төгрөгтэй тэнцүү байгаа юм. Цагийн цалингийн хамгийн өндөр үнэлгээ бидний боддог АНУ-д биш Австралид байдаг аж. Австралид цагийн хөлс  9,54 ам.доллар байдаг нь манай ханшаар 18 мянга 500 төгрөг. Австралийн дараа эхний таван байрт Люксембург, Бельги, Ирланд, Франц улс манлайлж байна.  Эдгээр улсад 9,24-8,24 ам.доллараар цагийн ажлын  хөлсийг үнэлдэг. Харин АНУ энэ үзүүлэлтээр 11 дүгээрт буюу 6,26 ам.доллараар бичигджээ. Энэ бол өнөөдрийн Монголбанкны ханшаар 12 мянга 144 төгрөг юм.

Манай улсын дээр Мексик, Литва, Эстон, Чили зэрэг орнууд бичигдсэнийг дээрх хүснэгтээс харж болно.

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2013 оны есдүгээр сарын 1-нээс 192 мянган төгрөг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тусгай боловсрол, мэргэжил үл шаардагддаг ажилчинд хамаардаг. Энэ нь тухайн оронд гэрээгээр эсвэл хууль бусаар ажиллаж байгаа хүмүүст ихээхэн хамааралтай юм.

Тухайлбал, хамгийн өндөр цагийн хөлстэй Австралид та цагийн хөлсөө газар дээр нь авахдаа энэхүү жишгээс доош авах ёсгүй. Америкт ажиллаж амьдарч байсан олон хүн цагийн хөлсний утга учрыг сайн мэддэг. Америкчууд хуулиа мөрддөг учраас дээр дурдсанаас өөрөөр тохироогүй бол хамгийн доод тал нь цагийн 6,26 ам.долларыг авах эрхтэй.

Энэхүү судалгааны дүнг монгол хүний үнэлэмж л гэж харахад хилсдэхгүй. Бид ердөө иймхэн “үнэтэй”. Наад зах нь энэ үнэлэмж өсч байж монгол хүн үнэтэй харагдана аа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.