
Д.БЭХИ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам болж байна.
Шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар гэсэн есөн байгууллагын найман баг оролцож байгаа юм. Багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр оюун ухаанаа сорьж, тойргийн журмаар есөн өрөг тоглож дүнгээ гаргалаа.
“УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх тэмцээний шатрын спортын төрлийг Нийслэлийн шатрын холбооны гүйцэтгэх захирал Х.Болдбаатар удирдан явуулсан. Тэмцээний шилдэг багаар нийт 15, тоглолтын 17.5 оноогоор Монголбанкны баг тамирчид тэргүүлсэн. Хоёрдугаар байрт нийт 15 оноо, тоглолтын 16.5 оноогоор Улсын Их Хурлын Тамгын газрын баг тамирчид, гуравдугаар байрт 12 оноогоор Авлигатай тэмцэх газрын баг тамирчид шалгарлаа.
Шатрын тэмцээн гурван хэсгээр зохион байгуулагдсан бөгөөд энэ жил хэсгийн шилдэг тамирчдыг шалгаруулж буйгаараа онцлогтой. Улсын Их Хурлын Тамгын газрын тамирчин Г.Алтан-Оч 7.5 оноогоор I хэсгийн шилдэг тамирчнаар шалгарсан бол II хэсгийг Авлигатай тэмцэх газрын тамирчин Г.Жамц 7 оноогоор, III хэсгийг Монголбанкны тамирчин Т.Ариунзул 7 оноогоор тэргүүлсэн юм.