Хачигт хазуулсан тохиолдлууд нэмэгдэж байна

Г.Цэнд-Аюуш

Хаврын улиралд байгалийн голомтот халдварт өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд байна. Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40.5 хувь нь үхэр, 31.9 хувь нь нохой, үнэг, чоно байжээ. Харин боом өвчнөөр 3 аймгийн 9 суманд 15 мал өвчилсөн байна. Улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг байна. Манай улсад нутагшмал өвчин болох тарваган тахал 17 аймгийн 137 суманд, боом 17 аймгийн 87 сум Улаанбаатар хотын 6 дүүрэгт, галзуу өвчин 21 аймгийн 226 сум нийслэлийн 2 дүүрэгт, хачигаар дамжих халдварт өвчин 16 аймгийн 59 сум нийслэлийн 8 дүүрэгт идэвхтэй голомттой байдаг аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.