
Д.БЭХИ

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн байранд өнөөдөр гэрч хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Энэхүү өрөөг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх, Тахарын ерөнхий газар хамтран байгуулсан байна.
Ер нь аливаа хэргийн гэрч болно гэдэг тухайн хүнийг сэтгэл санааны төдийгүй бие махбодийн айдас түгшүүрт автуулсан, ихээхэн зориг шаардсан ажил болохыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан онцолж байлаа. Зөвхөн гэрч төдийгүй гэмт хэргийн хохирогчийн хувьд ч шүүх хуралдаанд оролцоно гэдэг сэтгэл зүйн асар их дарамт учруулдаг. Ялангуяа насанд хүрээгүй, хүчингийн гэмт хэргийн хохирогч, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийн хувьд шүүх хуралдаанд оролцохдоо гэмт этгээдтэй дахин нүүр тулна гэдэг нь сэтгэл санааны цочролд оруулж, айдаст автуулдаг. Айж сандарсандаа мэдүүлгээ үнэн зөв өгч чадахгүй байх тохиолдол ч гарч болохыг үгүйсгэхгүй. Тиймээс гэрч, хохирогчийг төр хамгаалалтад авдаг. Монголд 2014 нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах жишиг өрөөг 2014 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр байгуулсан. Харин гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх хоёр дахь өрөөг ийнхүү Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн байранд байгуулжээ.
Шүүх хуралдаанд гэрчийг цахимаар оролцуулах төхөөрөмж бүхий хамгаалах өрөөнд ороход зөөлөн буйдан, сандал тавьж, хананд нь уран зураг өлгөжээ. Гэрч, хохирогч нарт гэртээ байгаа мэт амар, тайван орчинг бүрдүүлэх гэж ийнхүү тохижуулсан байна. Энэхүү өрөөнд мэргэжлийн баг ажиллаж гэрч, хохирогчийг хамгаалах бөгөөд шүүгдэгчтэй нүүр тулахгүйгээр мэргэжлийн сэтгэлзүйч, хуульчийн зөвлөгөөн дор шүүх хуралд цахимаар холбогдож, мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлжээ. Тус өрөөнөөс нийслэл дэх шүүхүүд болон орон нутаг дахь аль ч шүүхтэй цахим хэлбэрээр шууд холбогдож, мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд гэрч хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хангах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шаардлагатай тохиолдолд гэрч хохирогчийн зүсийг хувиргах гоо сайхны хэрэгсэл, хиймэл сахал, үс хүртэл байлаа.