Венециа Биеналэд анх удаа монгол эмэгтэй бие даасан үзэсгэлэн гаргаж байна

Д.БАЯСГАЛАН

 

        Венецийн Биеналэ одоохондоо зөвхөн сэтгүүлч, зураач, мэргэжилтнүүдэд зориулан үүдээ нээжээ. Олон улсын уран сайхны 56 дахь үзэсгэлэн маргааш буюу Ялалтын баярын өдөр нээгдэж 11 дүгээр сарын 22-н хүртэл ажиллана.

Энэ жилийн Биеналийн сэдэв All the Worlds’ Futures (Дэлхийн ирээдүй) сэдэвтэй. Фестивалийн куратороор зохиолч, Мюнхены “Haus der Kunst” (Урлагийн ордон)-ы захирал Оквуи Энвезор ажиллаж байна.

Венецийн биеналэд 89 орны үндэсний павильон, 53 орны 136 зураач үндсэн сэдвээс гадна зэрэгцээ 44 хөтөлбөрт ажиллах юм. Эндээс ямар ч урлагийг бүх төрлийн  сонголтоор харж болдог уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг наадам гэхэд болно. Биеналэ хоёр жилд нэг удаа явагддаг урлагийн фестиваль юм. Венецийн биеналэ 1895 оноос эхлэн явагдаж байгаагаараа хамгийн алдартай бол “Манифест”, “Уитни”, “Сан-Паулу” зэрэг өөр форматаар явагддаг биэналэ ч байдаг.

La Biennale di Venezia - энэ бол дэлхийн зураач урчуудын хувьд мөрөөдөл нь болсон наадам билээ. Англиар заримдаа Venice Biennial хэмээн орчуулан хэрэглэдэг ч дэлхийн ихэнх улс түмэн итали дуудлагаар нь “Ла Биеналэ ди Венециа” хэмээнэ. Анх Венец хотын зөвлөлөөс зөвхөн Италийн урлагийн үзэсгэлэн маягаар эхэлж байсан бол 20-р зуунаас, тухайлбал 1907 оноос эхлэн, бусад улсууд ч ихэд сонирхон, анх Бельги улс павильоноо нээснээр олон улсын шинжтэй болсон аж. Наадмын нэр хүнд олны сонорт хүрч, 1920 оноос эхлэн тухайн үеийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид оролцож эхлэв. Жишээлбэл 1910 онд Густав Климт тусгай өрөө захиалан уран бүтээлээ үзүүлсэн бол Пьер-Огюст Ренуар нэг хүний шоу үзүүлж, удалгүй Густав Кюрбе, Пикассо нарын ч бүтээл заларчээ.

Тус наадмыг нэр хүндтэй, оролцоход бэрхшээлтэй болгодог нэг хүчин зүйл нь хөрөнгө мөнгөө гаргасан бүгдийг оруулаад байдаггүй, уран бүтээлчдийг тусгай шүүгчид үнэлэн дүгнэж, оролцуулах эсэхийг нь шийддэгт оршино. Тийм ч учраас Ла Биеналэ ди Венециа нь тааруухан уран бүтээлч оролцуулж үзээгүйгээрээ бахархдаг, дэлхий нийт ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөг билээ. Шалгаран оролцож байсан уран бүтээлчдээс цөөхнийг нь нэрлэхэд л хангалттай. Жишээлбэл Францаас Сэрж Поляков, Жеан Дубуффэ, Их Британиас Хэнри Мур, АНУ-аас Виллем дэ Күүнинг, Жаксон Поляк… гэх мэт.

Ла Биеналэ ди Венециа-д оролцож буй уран бүтээлчдээс гадна урлагийн кураторууд маш чухал үүрэгтэй. Энэ жил Монголын урлагийн куратороор Цүлтэмийн Уранчимэг ажиллаж, Үнэн-Энх, Энхболд, Мөнхцэцэг нар уран бүтээлээрээ оролцож байна. Ц.Уранчимэг “Орчин үеийн “контемпорари” хэмээх урлагийн хамгийн том баяр юм. Хоёр жил тутам болж, тухайн хоёр жилд энэ ертөнцөд орчин үеийн урлагаар хамгийн сонин содон юм юу болов гэдгийг гаргаж ирдэг наадам. Тэгэхээр энэ наадамд оролцож байгаа уран бүтээлч гэвэл өнөөгийн урлагийн ертөнцөд л хамгийн оргил, шинэ юмыг үзүүлж байгаа улс гэж ойлгогддог. 2013 оных нь “Энциклопедик Палас” нэртэйгээр болж байлаа. Улс бүр өөр өөрийн павильоныг нээдэг юм. Тэрүүгээрээ дамжуулж тухайн улс урлагийнхаа, эдийн засгийнхаа, соёлынхоо түвшинг дэлхийд харуулна. Тийм ч учраас энэ бол спортоор бол яг л олимп шиг, оролцогч нь өөрөө улсынхаа нэр хүндийг нуруун дээрээ үүрч, олон улсын урлагийн ертөнцөд хөл тавьж буй явдал юм. Тийм ч учраас энэ бол зөвхөн урлаг гэхээсээ илүү дэлхийд Монголын нүүр царай, имижийг гаргаж буй, эергээр үзүүлж буй томоохон үйл явдал болж байгаа юм” хэмээн ярьжээ.

Венецийн энэ наадам бол маш том хэмжээний баяр учраас олон сайхан төсөл, арга хэмжээ болдог. Үүний нэг нь уламжлал болон Венециа Биеналэ болгоноор зохион байгуулагддаг Personal Structure буюу “Хувийн орон зай” гэж болох арга хэмжээ юм. Тэднийх өмнө Монгол уран бүтээл нэг ч үзүүлж байсангүй, маш их сонирхож байна гэж кураторуудад саналаа ирүүлж  мэргэжилтнүүд зураач Ж. Мөнхцэцэгийг тодорхойлон илгээсэн байна. Тэрбээр Эврээс үс хүртэл (From Horn to Hair) гэж зөөлөн баримал, Ачлал (Caring)хэмээх мөн зөөлөн баримал, Хонин сүнс (Sheep Soul) гэж гэрэл зураг, Умайг хамгаалагч шувуу (Bird-Keeper of the Womb) хэмээх цаасан зураг гэх мэт бүтээлүүд маань гарна.

(АНУ-ын Конгрессийн номын санд ажиллаж байгаа доктор М.Саруул-Эрдэнийн нийтлэлийг эх сурвалж болгов).

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.