
Д.БАЯСГАЛАН

Маргааш Дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болж соёлт хүн төрөлхтөн фашизм, нацизмыг дарснаа тунхагласан өдөр, “Нулимстай баяр”.
Би энэ баярыг хэзээ ч Орос оронд тэмдэглэж байсангүй. Бас их л жаргалтай сайхан хөөр цэнгэлтэй баяр гэж туйлын өнгөц бодож явсандаа үнэнхүү гэмшиж билээ. Орос, украин, тажик нарын ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны иргэдтэй хамт ажиллаж байсны хувьд тэд хэрхэн тэмдэглэдгийг мэдэхийн хувьд “Нулимстай баяр”-аас өөр илүү оновчтой сайхан үгийг мэдэхгүй юм.
Тавдугаар сар ойртох тусам тэд догдолдог хүлээдэг баярладаг. Харин яг парад болох өдөр уйлдаг. Зурагтаар парад харж чадахгүй уйлаад байгааг харах хүнд юм билээ. Нас биенд хүрсэн эрчүүд мэлмэртэл асгаруулахыг харахаар дагаж уйлчих гээд байдаг. Тэд хаа холын Монголд энэ өдрийг мартахгүй чин сэтгэлээсээ боломжийн хэрээр баярлуулж тэмдэглэж байгаад үргэлж талархдаг байсан юм. Бас энэ өдөр хэн ч тасартлаа уудаггүй. Бас фронтын зуун граммаас хэн ч татгалздаггүй. Тэгээд л эцэг, эх, ах, дүү, ойрын саднуудаа дурсан уйлдаг. Зөвлөлтийн харьяанд байсан улс орнуудаас дайнд төрөл төрөгсдөө алдаагүй гэр бүл эрээд олохгүй билээ. Тиймээс тэд баярлаж догдолж бас уйлж энэ баярыг тэмдэглэдэг.
Тэдний, бидний энэ баяр, парадыг харах өнцөг тэс өөр байгаа нь мэдрэгддэг. Тийм ээ, оросуудын зүрхний угт эх оронч үзэл, 60 гаруй сая хүний аминд хүрсэн дайнд ялсан баяр бахдал омогшил огшил байсаар ирсэн. Байх ч болно. Алдарт яруу найрагч А.С.Пушкины “Эцэг өвгөдийнхөө сайн үйлсээр бахархах хэрэгтэй төдийгүй бүр үүрэгтэй” гэсэн үг яг энэхүү баярт тохирсон санагддаг юм. Харин бид “Армийн сүр хүч цэргийн жагсаалдаа” гэсэн өнцгөөс хардаг.
Ялалтын баярыг яагаад тэмдэглэх ёстой юм гэж асуух хэнэггүй хүмүүст зориулсан ганц нэгхэн жишээ татъя. “Германууд Польшийг ердөө л 28 өдөрт эзэлсэн. Яг ийм хугацаанд Сталинградын хэдхэн байшинг л эзэлсэн. Дани улсыг эзлэхэд ердөө л ганц өдөр, Европыг бүхэлд нь эзлэхэд ердөө гурван сар хангалттай байсан. Европыг Зөвлөлтийн цэргүүд чөлөөлснийг хэн ч үгүйсгэхгүй байх. Хэдэн арван сая цэргийн амиар шүү. Харамсалтай нь өнөөдөр Европ тив нацизмын гамшигт нэрвэгдээгүй юм шиг түүхээ мартсан нь туйлан эмгэнэлтэй хэрэг.
Хамгийн гол холбоотны нэг өнөөдрийн Монгол Улсыг дэлхийн энэ түүхэн үйл явдал бий болгосон билээ. Ялтын гэрээ хийгдээгүй бол тэр үед өдгөө хараан зүхдэг Сталин, Монголыг туурга тусгаар байх санал гаргаагүй бол бид хэний хатавчинд дээд монгол, буриад, халимаг, тува нар шиг амьдарч байхыг таамаглах аргагүй билээ. Тэгэхээр энэ бас бидний баяр. Яагаад ч юм бэ, зүрх сэтгэлийн угт “Тусгаар улсын иргэн, дэлхийг байлдан дагуулж байсан эцэг өвгөдийнхөө голомтыг харлуулаагүйдээ баярла. Энэ чамд ч хамаатай” гэх үг сонсогддог оо.
Сэтгэгдэл (1)