
М.Наранболд

Манай улсыг эдийн засгийн түр хүндрэлээс салгаад зогсохгүй цаашид ч улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах, урт удаан оршин тогтнож, бусдаас хараат байлгах гол үндэс бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал юм. Тэр дундаа бусад улс орны хаана ч байхгүй, Монгол үндэстний хэв шинжийг агуулсан гар урлал, үйлдвэрлэлийг төрийн бодлогоор түлхүү дэмжих нь зүйтэй болов уу. Харин манай сонины хувьд хэдийгээр төмөр замын ажил амьдралыг нийтэлдэг ч гэлээ үндэсний үйлдвэрлэлээ олонд таниулахыг ямагт зорьдог билээ. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт нэгэн дизайнер бүсгүйн гар урлалыг танилцуулахаар “Хан бүргэдэй” дэлгүүрийн чанх урд байрлах V байрыг зорьлоо.
Тус байрны подвалийн нэг жижиг өрөөг Б.Батсүх гэх бүсгүй бэр дүүгийнхээ хамт түрээслэн ажилладаг ажээ. Тэд хонины боловсруулсан дээд зэргийн ноос, ямааны ноолуураар төрөл бүрийн хувцас, ээмэг, зүүлт, гоёл чимэглэл зэргийг гар аргаар үйлдвэрлэдэг юм байна. Биднийг очиход ноосоо самнаж, бас нэг шинэ материал туршин үйлдвэрлэж /гар аргаар/ байсан юм. Энэхүү шинэ материал нь товгор зураасан хээтэй, хар өнгийн торон материал байх агаад дотор талд хонины самнасан ноосоо нимгэнээр зулж наалдах эсэхийг нь туршиж байгаа аж. Б.Батсүх “Хэрэв амжилттай болвол даашинз, цамц урлах шинэ материалтай болно” гэсэн юм.
Харин бидний сонирхолыг тавиур дээр өрсөн эсгий гутал, цүнх, хананд өлгөсөн эсгий зураг /хадны сүг зураг болон эмэгтэй хүний гоо сайхныг илтгэсэн/ ихэд татлаа. Тэдгээр гутал, цүнхийг үндэсний хээ угалз, эрвээхэй, цэцэг навч зэргээр чимэглэсэн нь уран зураг шиг харагдаж байв. Өөрөөр хэлбэл, эсгийн эдлэл дээрээ төрөл бүрийн өнгөтэй эсгхийгээр зураг зуржээ.Анх “Эсгийгээр хийсэн гутал” гэж дуулаад явж байхад зүгээр нэг зах дээр зарагдаж байдаг бор, цагаан эсгий гутал л санаанд орж байсан юм. Гэвч тийм биш аж. Хэлбэр загавар, өнгө, чимэглэл, ур хийц гээд дэлхийн брэндүүдтэй эгнэшгүй гутал, хувцас байх нь тэр.Хэн нэгэн захиалвал өөрийнхөө хүссэн загвараар, хүссэн зураг, хээгээ зуруулаад хийлгэх боломжтой гэнэ.
Мөн охид бүсгүйчүүдийн аль ч улиралд өмсч болох даашинз, пальто, малгай, ороолт зэргийг үйлдвэрлэдэг юм байна. Эрчүүд ч цамц, гутал, пальто хийлгэж болох ажээ. Ингээд дизайнер бүсгүй Б.Батсүхтэй үйлдвэрлэлийнх нь талаар ярилцлаа.
Б.Батсүх: Хөлс, хүчээ шингээж хийсэн бүтээлийг маань зарим хүн үнэлдэггүй
-Эсгий урлалыг хэзээнээс эхэлж, хэрхэн суралцав?
-Би уг нь, санхүүгийн мэргэжлээр сургууль төгссөн л дөө. Сургууль төгсөөд хувиараа бизнес эрхлэх санаа төрж, эсгий эдлэлийг гадагш нь экспортолвол зүгээр юм байна гээд сонирхож эхэлсэн. Тэгээд судалж явахдаа Б.Мөнхсоёл багштай таарч шавь нь болоод эсгий эдлэлээр дагнан арга технологийг нь сурч авсан. Дараа нь “Эм Ай Ю” дээд сургуульд хувцас, дизайнерийн мэргэжлээр суралцаж байгаад гуравдугаар дамжаанаас хувийн шалтгаанаас болоод гарчихсан. Тэгж явсаар 2009 оноос бие даагаад бүтээл урлаж эхэлсэн юм. Түүнээс хойш өнөөг хүртэл өөрийгөө хөгжүүлээд, суралцаад л явж байна даа.
-Өөрийн чинь бүтээл гар аргаар хийсэн гэхэд итгэмээргүй содон, загварлаг, их гайхалтай юм байна. Уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-2011 онд “Гоёл” наадамд анх удаа оролцоод “Шилдэг залуу дизайнер” шагнал хүртсэн. Тэгээд 2014 онд “Люкс кашмер” компанид дизайнераар ажиллаж байхдаа “Гоёл” наадамд оролцсон. Мөн бие даасан загварын шоунд нь ажилласан. Түүнчлэн Америк руу нэг үзэсгэлэнд бүтээлүүдээ явуулж байсан.
-Одоогийн байдлаар ямар төрлийн ноос голчилон ашиглаж байна вэ?
-Монгол хонины хамгийн нарийн, боловсруулсан, дээд зэрэглэлийн ноос ашиглаж байгаа. Энэ ноосыг ямар ч хялгас байхгүй, бараг ноолуур шиг боловсруулсан байдаг. Манайхан энэ ноосыг сайн боловсруулаад куртик хүртэл хийгээд экспортолдог.Миний хувьд бол эсгийрүүлж материал хийгээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нэг ёсондоо уран бүтээлч талаасаа судалгааны ажил л хийгээд байгаа гэхэд болно.Зарим хүний захиалгаар боловсруулсан ноолуур авч ашигладаг.
-Туршиж, судалж үзээд амжилттай болсон нөхцөлд олноор нь үйлдвэрлэх санаа бий байх. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авч болдоггүй юм уу?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг сонирхож үзтэл барьцаа хөрөнгөөс авахуулаад хэцүү юм билээ. Судалгаа хийж хийж, нэг материал туршаад ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түүнийгээ хэн нэгэнд зараад дараагийн материалаа авдаг над шиг хүнд ямар юмных нь барьцаалах зүйл байх вэ дээ. Уг нь, зээл авбал ахиухан л авч байж нэг мөсөн том тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна. Түүнээс биш тав, арван сая төгрөг зээлж аваад олигтой юм болохгүй. Учир нь, бидэнд зээл олголоо л бол дараагийн сараас нь хүү бодоод төлөхийг шаардаад эхэлдэг нь дарамт болдог.
Тэгэхээр эхлээд өөрөө сайн туршлагажиж, юуг ч хийх бэлтгэлтэй болчихоод хөрөнгө оруулагч ч юм уу, хамтарч ажиллах түнш олж авах нь зүйтэй болов уу гэж бодсон. Гэхдээ одоо Засгийн газраас экспортыг дэмжинэ гээд 1.5 жилийн хугацаатай хоёр их наяд төгрөг төсөвлөсөн гэсэн. Энэ хөрөнгөөс олж авах санаатай төсөл бичиж, тоног төхөөрөмжийн судалгаа хийж байгаа.
-Тоног төхөөрөмжтэй болвол бүтээгдэхүүний чинь чанар хэдэн хувиар сайжирна гэж үзэж байгаа вэ?
-Мэдээж тодорхой хэмжээгээр сайжирч таарна. Гэхдээ одоо бид гар аргаар материалаа бэлтгээд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа ч чанарын хувьд муу биш. Хамгийн гол нь удаан л байгаа юм. Хэрэв тоног төхөөрөмжтэй болвол бүтээмж хэдэн зуу дахин өснө. Одоо бол ганц л гар машинаар ноосоо самнаж, нэг хувцасны материал үйлдвэрлэх гэж бүтэн өдрийг барж байна. Энэ машин маань 20 орчим см-ийн өргөнтэй шүү дээ. Харин үйлдвэрийн машин бол үүнээс хэд дахин өргөн байдаг.Бид болж өгвөл ноос самнах болон эсгийрүүлэх суурь машинтай болчих санаа байна. Хэрэв тэгж чадвал зөвхөн хавтгай эсгий, хувцасны материал гэлтгүй бүх төрлийн гутал, хувцас үйлдвэрлэх боломжтой.
Ер нь, манай улсын оёмол үйлдвэрлэлийн салбар гадаадаас материалаа авдаг болохоор жаахан гацаанд орсон шүү дээ. Харин би оёмол үйлдвэрлэлийн холбоонд ажилладаг хүнтэй хамтарч ажиллаад, хувцсаа үйлдвэрлэж байгаа. Мөн сүлжмэл материалтай хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнчлэн удахгүй шинэ загварууд Япон руу явуулах гэж байгаа сүлжмэлийннэг кашмиртай хамтран ажиллаж байна. Энэ компаниар том том нүхтэй сүлжмэл торон материал бэлдүүлээд түүнийгээ эсгийрүүлж шинэ материал гаргана. Ингээд шинэ материалаараа оёдлынхонтой хамтраад хослол хийнэ.
Нэг ёсондоо сүлжмэл, ноос ноолуур, оёмол гэсэн гурван салбар хамтраад хөгжих, экспортын захиалга авахбүрэн боломж байна. Харин захиалга өгөх гадаадын тал биднийг эхлээд судалдаг юм билээ. Ямар тоног төхөөрөмж ашигладаг, хэчнээн тоо ширхэгээр үйлдвэрлэж чадах гээд л... Гэтэл бидэнд ямар ч хөрөнгө оруулалтгүй, үйлдвэр ч байхгүй, гар аргаар хийж байгаа хүмүүст гаднынхан итгэхгүй шүү дээ.
-Одоогийн байдлаар захиалгаа яаж авч байна, бүтээгдэхүүнээ борлуулдаг дэлгүүртэй юу?
-Өнөө, маргаашаа л аргацааж байна даа. Ганц, хоёр хүнээс захиалгын ажил орж ирвэл хийж өгөөд түрээсээ төлнө, материал авна гээд хүрэлцэхгүй. Зарим томоохон дэлгүүр лангуун дээрээ удаад өнгө алдсан, гандсан ноолууран хувцасаа авчирч өнгөнд оруулж, сэргээлгэдэг. Ер нь, мөнгөний хойноос явбал ийм нарийн, шинэ загвар хөөх шаардлагагүй л дээ. Би зөвхөн мөнгө олъё гэвэл гутал, хувцас биш углаашыг хэдэн зуугаар нь хийгээд байж болно. Гэхдээ тэгэлгүй ирээдүйд их ашиг олохын тулд, бас уран бүтээлчээр ажиллаж байгаа болохоор одоохондоо хангалттай мөнгө олж чадахгүй байна.
Улсын их дэлгүүр болон “Цагаан алт” дэлгүүрт борлуулах хэдэн бүтээгдэхүүн, зураг оруулсан. Тэдний шимтгэл их өндөр. Улсын их дэлгүүрт бараа тавих гэж эхлээд 100 мянган төгрөг төлсөн. Тэгээд борлуулалтын 34, “Цагаан алт” дэлгүүр 40 хувийг нь авдаг. Дээрээс нь их дэлгүүрт бараагаа ил тавиулах гэж үйлээ үзэж байна. Шимтгэл авсан хэр нь далд тавьчихаад байдаг.
Уг нь, өөрийн гэсэн лангуутай болмоор санагддаг. Сувинерийнхэнд өгөх гэхээр маш хямдхан үнэлж авах гэдэг. Тэгсэн хэр нь цааш нь хэд дахин нугалаад зардаг. Зарим нь захиалж авчихаад мөнгөө өгдөггүй. Өнгөрсөн жил Батаарын музей ажилчдадаа зориулж 20 орчим цээживч хийлгэснийхээ 12-ынх нь мөнгийг өгөөгүй. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс халагдаад одоо ажиллаж буй хүмүүс нь “Бид мэдэхгүй” гээд байгаа. Тэгж явсаар шаардлагатай гэсэн бүх баримт бичгийг нь бүрдүүлээд өгсөн чинь “Төсөв байхгүй” гээд суучихсан. Уг нь, яг тэр музейн тайлбарлагч ажилчдад тохирсон, дулаахан, нуруун дээрээ динезоварынх шиг арзгар үетэйгээр захиалж хийлгэсэн. Тийм ч их үнэтэй биш шүү дээ.
Нэгийг нь 70 мянгаар л үнэлсэн. Бидэнд тэр 800 гаруй мянган төгрөгийг асуудалгүй өгчихвөл их л хэрэг болно. Мөнгөтэй хүмүүст бол юу ч биш л байх даа. Харин жижиг юм хийдэг надад энэ нь бөөн гай болж байна. Бас нэг хүн “Хамтарч ажиллана, мөнгийг нь очоод шилжүүлнэ” гээд Өвөр Монгол руу нэг юм аваад явсан. Жил гаруй хугацаа өнгөрхөд сураг алга.Нээрэн л дэмжчих болов уу, хамтарч ажиллах болов уу гээд итгэж хүмүүст хууртах нь их. Гэтэл хөлс, хүчээ шингээж хийсэн бүтээлийг маань зарим хүн үнэлдэггүй.
-Хугацаа их шаарддаг бүтээгдэхүүн юу байна вэ?
-Пальтоны материал дээр л уддаг. Учир нь, самнах машин нь жижиг болохоор хугацаа их ордог.
-Бүтээгдэхүүнээ тэгээд хэрхэн үнэлж байна даа?
-“Төд” гэх нарийн үнэ одоохондоо алга. Материал, хийц, ажиллагаа хэр зэрэг шаардсанаасаа хамаараад л үнэлж байгаа. Тухайлбал, одоохондоо пальтог 250 мянгаас дээш үнэлхэд болох юм билээ. Энэ нь, оёдолчин маань зах зээлийн үнэлгээнээс хамаагүй бага үнээр оёж өгсөн учраас л ингэж хямд үнэлж байгаа юм. Өөрийгөө би сүлжмэлийн ноолууран пальтонуудаас илүү үнэ цэнэтэй юм хийж байгаа гэж үздэг. Яагаад гэвэл цэвэр гар ажиллагаа, дээр нь чимэглэл, хээ хуар хийдэг. Цаашид пальтогоо 350-500 мянгын хооронд үнэлэх сонирхолтой байгаа. Цүнхийг бол 50 мянгаас дээш үнэлж байна. Гуталтайгаа хосоор нь үйлдвэрлэвэл 180 мянгаас дээш үнэлнэ. Ур хийц их шаарддаг үндэсний хээ угалз, зургаасаа шалтгаалаад үнэ нь өсч 250 мянгаас дээш гарах ч тохиолдол бий.
Гэхдээ энэ бол тухайн захиалагчийн сонгосон загвараар, хүссэн зургийг нь зурах учраас үнэ хэдэд багтахыг захиалагч өөрөө зохицуулна. Гутал, цүнхэн дээрээ зуруулах хээг өөрөө ч аваад ирж болно.Одоохондоо бид гутлаа урдаас орж исрэн завод, чанартай улаар уллаж байгаа. Харин салоны гоё улаар уллуулъя гэхээр зөвхөн уллагаа нь 170 мянгаас дээш болдог юм билээ. Гэхдээ сонирхсон хүмүүс салоноор уллуулаад авч болно л доо. Цаашид тоног төхөөрөмжтэй болоод олноор нь үйлдвэрлэж, зардлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг судлаад л байна.











