Цэрэг татлага маргааш эхлэнэ

   Г.Цэнд-Аюуш

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/235 дугаар захирамж гаргажээ. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд  зохион байгуулахаар болжээ. Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93.6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн  үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг болон холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм байна. Мөн  мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очих хэрэгтэй юм.   

Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль", Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах зааврыг баримталж ,  зохих газраас зөвшөөрөл авсан авто машинаар цэргүүдийн тээвэрлэж, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газартай хамтран 1 дүгээр эгнээгээр зорчуулах, цэрэг татлагын байрны тохижилт, камержуулалт зэргийг сайтар хангаж ажиллахыг комиссын гишүүдэд үүрэг болгосон байна. 
            
ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР
Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг - 53-р дунд сургууль
Сүхбаатар дүүрэг - 31-р дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг - 34-р дунд сургууль
Чингэлтэй дүүрэг - 24-р дунд сургууль

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.