Ноён Ерөнхий сайд монголоор жиргэж мэндчиллээ

Д.БЭХИ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдөр манай улсад төрийн айлчлал хийнэ. Тэрбээр жиргээнд 12,1 сая дагагчтай. Ноён Нарендра Моди  кириллээр жиргэж монголчуудад таатай сэтгэгдэл төрүүлж амжжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд “Дипломат харилцааны 60, Монголын ардчиллын мөнгөн ойг тэмдэглэхээр 5-р сарын 17-нд Монголд айлчлах гэж байгаадаа баяртай байна”, “5-р сарын 17-нд Улсын Их Хурлын чуулганд үг хэлэхдээ нэн баяртай байна – Монголыг бүх салбарт үргэлжлүүлэн дэмжихээ би дахин илэрхийлж байна”, “Ардчилал, Буддизм нь бидний оюун санааны хөрш Монголтой Энэтхэгийг холбодог.Танай улстай их худалдаа,их хөрөнгө оруулалт хийхийн төлөө байна” гэхчлэн жиргэснийг манайхан 330-411 ретвит буюу дахин жиргээ хийсэн байна.

Манай оронд айлчлал хийх гэж байсан аль нэг орны төрийн тэргүүн ийнхүү монгол хэлээр мэндчилж байгаагүй тул манайханд ихэд дотно таатай санагджээ.

Ерөнхий сайд Н.Модигийн манай оронд хийх энэхүү айлчлал нь тус улсын Засгийн газрын тэргүүний хувьд манайд хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа  юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.121)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 05 сарын 07 | Хариулах