
Д.Бэхи
Монголын чөлөөт бөхийн холбооны ажилтнуудын хариуцлагагүйгээс манай гурван тамирчин, нэг дасгалжуулагч Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох боломжгүй болсон юм. Катарын Дохад энэ сарын 6-9-нд болох Азийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тамирчдын нэрсийн жагсаалтад алдаа гарснаас Дубайгаар дамжин нисч Дохад очих байсан бөхчүүдийг арабын шалган нэвтрүүлэхээр гаргаагүй билээ. Тэмцээний өмнө Монголын шигшээ багийн тамирчдын жагсаалтыг хоёр ч удаа өөрчилсөн тул хаа нэг газар буруу ойлголцол гарсан бололтой.
Ийнхүү дасгалжуулагч Б.Баяраа, Д.Гомбодорж (74кг), Д.Хүдэрбулга (96 кг) и Н.Золбоо (125 кг) нар нутагтаа буцахаар болсныг Гадаад хэргийн яаманд энэ сарын 4-ний орой 17.30 цагт авчээ.
“Уг мэдээллийг авмагц тус ЭСЯ АНЭУ-ын ГХЯ-ны хариуцсан ажилтан, Эмиратын цагаачдын алба, Дубайн олон улсын онгоцны буудлын цагаачдын албаны хүмүүстэй холбогдож ямар учраас манай тамирчдыг саатуулсан талаар тодруулав. Эдгээр тамирчид визийн болон бичиг баримтын зөрчилтэй, Катарт нэвтрэх боломжгүй учраас Дубай-д саатуулагдсан ба Дубайн цагаачдын албанаас манай иргэдийн ирсэн Air China-ын дараагийн нислэгээр буцаах болсныг мэдэгдсэн. Emirates airlines-д ажилладаг Намууны туслалцаатайгаар хүлээлгийн танхимд оруулсан байна. Air China-ын дараагийн нислэг нь тавдугаар сарын зургааны 00:10 цагт Дубайгаас ниснэ.
Эхнээсээ манай ЭСЯ-нд тэмцээнд оролцох талаар мэдээллээгүй, ГХЯ-тай холбоотой ажиллаагүй учраас ийм бэрхшээлүүд тулгарч байгаа юм. Нэг цонхны бодлогын хүрээнд ГХЯ-аар дамжвал ийм байдал цаашид давтагдахгүй байх болно” хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.