

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотноо сурч буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзсан байна. Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж буй “Ялалтанд тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд уран бүтээлчид хамтран энэхүү хөшөөг бүтээжээ. “Ялалтанд тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.