

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. ОБЕГ-аас гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их гардаг, тарваган тахал өвчний голомттой, 16-28 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм. Мөн дэд бүтэц, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа юм. Үүнээс үүдэн байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм. Өвөрхангай аймгийн хувьд сүүлийн үед малын гоц халдварт галзуу өвчнөөр үнэг, хярс зэрэг хээрийн ан амьтан өвчлөх тохиолдол нэмэгдсээр байна. Мөн 2015 он гарсаар галзуу өвчний 14 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн онд Сант суманд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ суманд хүн амын нягтаршил ихтэй, нийт хүн амын 44,1 хувь нь амьдардаг байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед авах арга хэмжээ, аймгийн нутаг дэвсгэрийг өөрсдийн хүчээр сэргээн босгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, , бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм. Өнөөдөр өглөө аймгийн хэмжээнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллаж гамшгаас хамгаалах улсын 11 алба , 29 мэргэжлийн ангийн 6600 гаруй иргэн хамрагдсан байна. Энэхүү сургалтын үеэр мал, амьтны гоц халдварт боом өвчин болон хүний гоц халдварт тарваган тахал өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээ, үзүүлэх дадлага сургалтыг зохион байгуулжээ. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, Зүүнбаян-Улаан сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг зохион байгуулах юм. Тус аймагт ихэвчлэн тохиолддог аюул, ослын төрлүүдээр аймгийн Онцгой комисс болон бусад албад, мэргэжлийн ангиудын удирдлагын хүрээнд бүлгээр ажиллуулж гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр ньтодорхойлуулах үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Тус аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын өөр нэг онцлог бол иргэдийн оролцоог дээшлүүлж, дадлага сургалтанд иргэдийг оролцуулах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, бусдад туслалцаа үзүүлэх мэдлэг, дадлагыг эзэмшүүлэхийг зорьж байгаа юм байна. Аймгийн төвийн 11 багийн 110 гаруй иргэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан сургалтын үйл ажиллагаанд оролцож байна. Мөн сургалтын хүрээнд Арвайхээр сумын иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг зохион байгуулж нийт 21 мянга гаруй иргэнийг хамруулсан байна.






