Ялалтын баярт зориулсан концерт болно

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээ ОХУ-д болж байгаа билээ. Харин манай улсын хувьд дайны жилүүдэд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар  өрнөж, энэ хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцож байсан юм. Хөдөлмөрч ард түмний халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваанууд, сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан  Улаан армид бэлэглэсэн нь Берлин хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү түүхэн ялалтын баярыг угтаж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ сарын 8-нд буюу энэ баасан гарагийн 11.00-13.00 цагийн үед Соёлын төв өргөөн баярын хурал, хүндэтгэлийн концерт  болно. Баярын арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно. Энэ сарын 9-нд буюу ялалтын баярын өдөр БХЯ, ЗХЖШ болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Мөн Чингисийн талбайд 14.00 цагаас эхлэн баярын арга хэмжээг үргэлжилүүлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг шууд нэвтрүүлгээр иргэдэд хүргэх боломжийг олгох юм. Шууд нэвтрүүлэг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар дамжин иргэдэд хүрнэ. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм байна. Цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж,  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулахаар болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.