АСЕМ-ийн 11 дэх уулзалтын лого, цахим хуудсыг албан ёсоор нээлээ

   Г.Цэнд-Аюуш

Өнгөрсөн онд Италийн Милан хотноо болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалтаар 11 дэх удаагийн ээлжит уулзалтыг Монгол Улс 2016 онд эх орондоо зохион байгуулах тухай олон нийтэд зарласан билээ. Монгол Улс АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулах үүднээс  тус уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахлан ажиллаж байгаа юм. Уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд өнөөдөр албан ёсны лого болон цахим хуудас болох www.asem11.mn хаягийг нээх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан АСЕМ-ийн өндөр  дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл ажиллаж байгаа гэдгийг дурдаад энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд улам өсөн бэхжиж, гадаадаас манай улсыг зорих ажил хэргийн хүмүүс, жуулчдын тоо нэмэгдэж, улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. Мөн энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн бүгд санаа нийлэн ажиллаж байгаад баяртай байна гэлээ.

АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтын албан ёсны логог танилцууллаа. Өнгөрсөн сард Үндэсний зөвлөлөөс албан ёсны лого шалгаруулах уралдааныг орон даяар зарласан. Уралдаанд нийт 22 оролцогчийн 35 бүтээл ирсэн бөгөөд өнөөдөр болсон ёслолын ажиллагааны үеэр эхний гурван байрт шалгарсан уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм. Энэ үеэр мөн АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтын албан ёсны цахим хуудас болох www.asem11.mn хаягийг албан ёсоор нээж олон нийтэд танилцууллаа. Уг  цахим хуудсыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нар албан ёсоор нээсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.