Самар түүхээр Оросын хил давах гээд баригджээ

    Г.Цэнд-Аюуш

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 24-нээс хойш шинээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх, ашиглах эрхийн бичиг нэмж олгохгүй болсон. Учир нь энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа тул самар түүх хугацааг хоёрдугаар сарын 24-өөр дуусгавар болгосон юм. Гэвч Сэлэнгэ аймаг дахь хилийн харуулын хэсгээр энэ сарын 02-ны өдөр хэсэг хүн самар түүх зорилгоор хил давах гэж байгаад хилчдэд баригджээ. Тэдгээр 16 хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн харьяат иргэд аж. Цаг агаар дулаарч, цас хайлж буй үед ой модонд самар ,жимс түүж  байгаа иргэдийг шалган саатуулж  үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай.  Самар, жимс  түүж, амарч зугаалах нэрийдлээр архидан согтуурч, гал алдах тохиолдол элбэг гардаг. Тиймээс ойн харуулууд болон оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.