

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн үзэж өчигдөр 2000 гаруй мод тарьжээ.
Тус эмнэлэгт, тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь 1-2 жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болдог тул ая тухай байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү эко орчин бүрдүүлэхээр зорьжээ.
Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд "Ногоон хашаа" төслийнхөнтэй нэгдсэн байна. Төслийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд “Галсан сан”, “МИКА монгол” ТББ хамтран ажиллаж, ХӨСҮТ-ийн 2175 метр квадрат талбайд 1740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 монос тус тус суулгав. Тус эмнэлгийн тасаг, нэгж бүр талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ.