
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр болж өнгөрсөн билээ.
Энэ өдрийн хүрээнд Глоб Интернейшнл төв, Нээлттэй нийгэм форум, МСНЭ хамтран дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан юм.
Ярилцлагад "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V бага хуралд оролцохоор ирсэн зарим төлөөлөгч, УИХ-ын гишүүд, хуульч өмгөөлөгчид, хүний эрхийн ТББ-ууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, манай улсад ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон.
Энэхүү дугуй ширээний уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн онцлох үгнүүдийг хүргэж байна.
Сэтгүүлчдийг санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах, сэтгүүлчид өөрсдөө ёс зүйн хэм хэмжээгээ ягштал баримтлах тийм нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой.
Сэтгүүлчид гадаадын мэргэжил нэгт нөхөд, тэдний байгууллагууд, олон улсын байгууллагуудтай улам идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй.«Онлайн эрх чөлөө эвсэл»-ийг үүсгэн байгуулагчийн нэг, Ази тивдээ ардчиллын нэг үлгэр жишээ болж яваа Монгол улс өнгөрсөн 25 жилд амжилт ололт, алдаа гажуудлын аль алиныг туулж ирлээ.
Сэтгүүлчид үнэний төлөө, шударга ёсыг нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө цаашид ч тууштай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
УИХ-ын гишүүний хувьд би ч сэтгүүлчдийг дэмжиж ажиллана.
Би хэсэг гишүүний хамт УИХ дотор «Интернэтийн эрх чөлөөг дэмжигч бүлэг» байгуулсан. Энэ бол онлайн эрх чөлөөний үзэл санааг парламент дотор дэлгэрүүлэх, УИХ-аас гарч байгаа хууль тогтоомжид хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахуйц заалт орохоос сэргийлэх, онлайн эрх чөлөөг хуульчлан бататгах зэрэг зорилготой санаачилга юм.