

Бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар иргэд хэрэглэгчидтэй уулзан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр санал солилцлоо.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж буй өргөдөл гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны м2, СӨХ-ийн үйл ажиллагаа, үүрэн телефон операторын компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд давамгайлдаг бол үлдэж буй хувь нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн байдаг. Хэдийгээр хяналт, шалгалтын ажил хийж хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авч байгаа ч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна.
Иймд уг өдөрлөгт Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцож хүрэлцэн ирсэн иргэдэд эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хаана ямар байгууллагад хандаж болох талаар хууль эрх зүйн талаарх мэдлэг, мэдээлэл өгч ажиллалаа.
ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ ШӨХТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан агентлагийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон сүүлийн үед хийж байгаа томоохон хяналт шалгалтуудын үр дүнгийн талаарх мэдээллийг өглөө. Мөн хөдөө орон нутагт орон тооны байцаагчгүйн улмаас хөдөөгийн иргэдийн эрх ашиг хохирч байгаа талаар дурдан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь цаг үеийн зайлшгүй асуудал байгаа талаар дурдлаа.
Харин Шадар сайд У.Хүрэлсүх нийт албан хаагчдад Өрсөлдөөний орчныг сайжруулах, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчдийг хэрэглээний боловсролтой болгох тал дээр анхааран ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлээд хууль эрх зүйн өөрчлөлтөнд анхаарал хандуулахаа хэллээ.
Тэрээр ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцахаас гадна уг өдөр зохион байгуулж буй “Хэрэглэгч тантай хамт” арга хэмжээнд оролцон иргэдтэй нүүр тулан санал бодлыг нь сонсож, төр засгийн зүгээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахад бүх талаар анхааран ажиллаж байгаа гэдгээ илэрхийллээ.