
2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн байцаагч нар хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хамтран шалгахаар болжээ. Энэ тушаалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нар гарын үсэг зурсан байна. Засгийн газрын тогтоолоор хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар гаалийн байгууллагаас түрүүлж шалгадаг байсан. Харин 2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын үндэсний зөвлөлийн тогтоолоор дээрх дараалал хүчингүй болж гаалийн байгууллага түрүүлж шалгаж байхаар зохицуулсан юм. Цаашид хилээр нэвтэрсэн зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн тухай статистик мэдээг нэгтгэдэг гаалийн “CAIS” системийг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглах боломжийг бүрдүүлэх, барааны ангиллын талаар сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.