“Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой”

Төрийн ордны Их танхимд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум зохион байгуулагдаж байна. Уг форумд оролцогчид “Цахим хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин”, “Мэдээллийн технологи, Хүний нөөцийн хөгжлийн хамаарал”, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал”, “Цахим орчин дахь гадаад мэдээний чанар, орчуулгын бүтээлийн зохиогчийн эрхийн асуудал” гэх мэт өргөн хүрээний асуудалуудыг хэлэлцсэн юм.

Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр

Форумын үндсэн илтгэлээ цахим орчинд ажиллаж буй сэтгүүлчдийн мэргэжил, боловсролын талаар танилцуулав. Тэрбээр “Монголын сайтын холбоо өнөөдрийн байдлаар 171 сайт холбоондоо элсүүлсэн.

Өөрөөр хэлбэл удахгүй бид 200 дахь гишүүнээ хүлээж авах нь. Бид цахим салбарт ажиллаж байгаа бусад нөхөдтэйгээ хамтран сүүлийн арван жилд шинэ тутам үүсэн хөгжиж байгаа салбараа өлгийдөн авч, өсгөн бойжуулах ажилд чармайн хичээж ирсэн.

Цахим салбарын сэтгүүлчид, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулахад гойд анхааран ажиллаж байна.

Отгонтэнгэр их сургуультай хамтран тус сургууль дээр цахим  сэтгүүл зүйн анхны танхимыг нээж оюутнуудаа хүлээн авахад бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Цахим сэтгүүлч гэдэг мэргэжлийг яаж тодорхойлох вэ гэдгийг өнөөгийн форумаар гаргаж, санал санаачлагаа боловсролын яаманд хүргүүлэх ёстой гэж би ойлгож байгаа.

Сэтгүүл зүйн салбараас Монгол Улсын хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа төрийн түшээдтэйгээ бид илүү ойр очиж, өөрсдийн зовлон жаргал, хүсэл тэмүүллээ илэрхийлж, хамтран ажиллах ёстой. 2017 он гэхэд цахим сэтгүүлч гэдэг мэргэжлийн боловсон хүчин төгсөж гарна” гэв. 

УИХ-ын гишүүн Г.Уянга

Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумд УИХ-ын гишүүн Г.Уянга “Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ хэвлэлийн салбарыг либералчлах, хэвлэлийн эрх чөлөөг хангах нь зүйтэй.

Гэвч үүгээр халхавчлан хүсэл зорилгоо олон нийтэд тулган хүлээлгэх ёсгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эздийнх боловч хэвлэлийн эрх чөлөө нь ард түмнийх байдаг.

Дотооддоо хэвлэлийн эрх чөлөөг өргөжүүлэх, мэдээллийн урсгалыг цөөн мэдлийн биш олон нийтийн хяналтад шилжүүлэх, ил тод байдлыг хэвлэлээр дамжуулан улам дэлгэрүүлэх нь зүйтэй гэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.